Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/09-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Тамир: Элсэгчдийг онлайнаар хуваарь сонгуулснаараа онцлог боллоо

ikon.mn
2014 оны 7 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Монголын Их Дээд сургуулийн консорциумын элсэлтийн төв комиссын нарийн бичгийн дарга, МУБИС-ийн сургалт эрхэлсэн дэд захирал, доктор, дэд профессор Х.Тамираас элсэлтийн талаар товч мэдээлэл авав.

-Элсэлтийн ерөнхий шалгалт болж өнгөрлөө. Эцсийн дүн гарсан уу. Улсын хэмжээнд хичнээн хүүхэд энэ жил, их дээд сургуульд элсэн суралцахаар болов?

-Долдугаар сарын 1-10-ны өдрүүдэд Монгол улсын хэмжээнд элсэлт зохион байгуулагдаж дуусах шатандаа орж байна. Хөдөө орон нутгийн элсэлтийг онлайн хэлбэрээр бүртгэж, хуваарь сонгуулах ажлыг Монголын их, дээд сургуулийн консорциум зохион байгууллаа.

Хөдөө орон нутагт 21916 хүүхэд төгссөнөөс 18622 хүүхэд бүртгүүлж, их дээд сургуулиудад 11152 хүүхэд элсэн орлоо. Бидэнд ирсэн элсэлтийн дүнгийн мэдээллээс харахад хөдөө орон нутгаас 50 гаруй хувь нь их, дээд сургуульд элссэн байна.

Улаанбаатар хотын хувьд томоохон их сургуулиуд болох МУИС, ШУТИС, МУБИС, АШУИС, СУИС-иуд элсэлт авч дууслаа. ХААИС-ийн элсэлт үргэлжилж байна. Дүн статистик нь удахгүй гарах байх.

-Энэ жил элсэгчдийн чанар өмнөх жилүүдээс муу байна гэсэн яриа байна. Энэ үнэн үү?

-Жил жил янз бүр л байдаг шүү дээ. Энэ жилийн гүйцэтгэлийн хувийг харахад өмнөх жилүүдийн гүйцэтгэлийн хувьтай ойролцоо байна. Тиймээс энэ жил чанар унасан өмнөх жилүүдэд сайн байсан гэж би хувьдаа  харахгүй байна. Ерөнхий шалгалт нь их сургуульд элсүүлэх  уралдаант шалгалтын хэв шинжтэй явагдаж ирсэн. Түүнээс чанарын үнэлгээ биш юм.

-Энэ жилийн элсэлтийн онцлог нь юу байв? 

-БҮТ-ийн өгөгдлийн санг бүртгэгдсэн төгсөгчдийн мэдээллийг ашиглан бүртгэл явуулах, онлайнаар хуваарь сонгуулах, цээж зураг нааж гараар бичдэг байсан томилолтыг программаас хэвлэх, хуваарь дуудаж дууссаны дараа өдөр зарим сонголт хийгдээгүй үлдсэн хуваарийг эрэлттэй байгаа аймагт төв комиссоос шийдвэрлэн шилжүүлж программын аргаар сонгуулах, нэмэлт хуваарь дуудах зэрэг шинэлэг үйл ажиллагааг зохион байгууллаа. 

Төгсгөлд нь сургуулиудын тайлан, дүн мэдээг программаас хэвлэж файлын хамт хүргүүлэх гэхчилэн зохион байгуулалтын ажлуудыг мэдээллийн технологи бүрэн ашиглан явуулж байгаа нь онцлог юм.

Зарим аймагт интернэтийн хурд муу байсан болон цахилгааны хязгаарлалт хийгдсэн зэрэг хүндрэлтэй асуудал гарч байлаа. Гэвч хугацаандаа амжилттай зохион байгуулж дууслаа.