Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/28-НД НИЙТЛЭГДСЭН

Хашаандаа худаг гаргах гэсэн юм...

ikon.mn
2014 оны 5 сарын 28
iKon.MN
Зураг зураг

-Байгаль, орчин, ногоон хөгжил-түгээмэл асуулт хариулт-

Энэ удаа иргэн хүн өмчлөлийн болон эзэмшлийн газартаа худаг гаргавал хэнд хандах, юуг анхаарах талаар Ч.Базарын монолог ярилцлагыг хүргэж байна. 

- Хашаандаа худаг гаргах гэсэн юм?

-Сайхан сонсогдож байна. Гэхдээ цэвэр усны маань нөөц хэр билээ? Өрх бүр хашаандаа, тэр тусмаа өөрийн хаус бүхий газартаа худаг гаргаад байх уу? Эсвэл хэд хэдэн өрх нэгдээд дугдаа худаг гаргах уу? Бодох л зүйл байгаам даа.

- Тэр ч тийм шүү. Гэхдээ одоо цаг нь тулчихсан юм чинь эхлээд өөрийнхөө нэр дээр гаргачихья. Тэгээд ашиглах болохоороо хавь ойрынхонтойгоо зохицож болох болов уу гэж бодогдож байна. Зөвшөөрөл авах байх даа?

- Тэгнэ. Иргэн буюу ус хэрэглэгч нь зөвшөөрөл авахдаа харьяа аймаг, нийслэлийн байгаль орчны албанд өргөдөл гаргана. Өргөдөлдөө  ус хэрэглэх зориулалт, тоо хэмжээ, худгийн мэдээллээ тусгана. Тэгээд газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн бичгийн хуулбараа хавсаргана.  

-Тэгэхээр зөвшөөрлийг нийслэлийн Байгаль орчны газар өгөх нь ээ...

- Ус хэрэглээний тоо хэмжээ, чанарыг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга,  аймаг, нийслэлийн байгаль орчны алба тус тус зөвшөөрөл өгнө.  

- Ус хэрэглэгч гэж хэн вэ? Худаг гаргаж буй иргэн би хэрэглэгч үү, ашиглагч уу?

-Усны тухай хуулинд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг ус ашиглах, хэрэглэх зориулалтаас нь хамааруулан ус хэрэглэгч, ус ашиглагч гэж ангилсан байгаа. Ус хэрэглэгч гэдэг нь ашиг олох зорилгогүйгээр унд, ахуйн болон гэр бүл, өрхийн хэрэгцээний мал аж ахуй, газар тариаланд ус, усан орчинг ашиглаж буй хэрэглэгчийг хэлнэ.

Тэгэхээр та бол ус хэрэглэгч гэсэн үг. Харин ашиг олох зорилгоор үйлдвэрлэл, үйлчилгээндээ ус, усан орчин, рашааныг ашигладаг иргэн аж ахуйн нэгж, байгууллагыг ус ашиглагч гэдэг.    Үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худаг гаргах бол тухайн үйлдвэрийн оршин байгаа газрын харьяалах Сав газрын захиргаа зөвшөөрөл олгоно.

-Худгийн усыг хаана шинжлүүлэх вэ?

-Иргэд  унд, ахуйн хэрэгцээнд гаргасан худгийн усаа заавал усны чанарын шинжилгээнд хамруулна. Шинжилгээг усны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг магадлан итгэмжлэгдсэн лабораторид хийлгэнэ. Ер нь бол манай орны онцлог, геологийн тогтоцоос хамааран зарим бүс нутагт газрын доорхи гүний ус хатуулаг эрдэсжилт ихтэй байдаг учраас хүн амын унд, ахуйн усны чанарын шаардлагыг зарим үзүүлэлтээр хангаж чаддаггүй. Ийм тохиолдолд тухайн худаг дээр нэмэлтээр цэнгэгжүүлэх, цэвэршүүлэх төхөөрөмж суурьлуулж усыг хэрэглэвэл эрүүл мэндэд тустай.

-  Орон нутагт ус шинжлэх лабораториуд байдаг уу?

- Аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний албаны харъяа Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторид усаа шинжлүүлэх боломжтой. 

- Худаг гаргана гэсэн  зар их байх юм. Юуг үндэслэж тэдэнд хандах вэ? 

- Зөвхөн тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд худаг гаргадаг. Тэгэхээр зөвшөөрөл авсан эсэхийг нь шалгах хэрэгтэй л дээ. 

- Худгийн паспорт авдаг гэсэн. Хаанаас авах вэ?

- Аймаг, нийслэлийн байгаль орчны алба ус хэрэглэгчийн худгийг усны мэдээллийн санд бүртгэж, худгийн паспорт олгодог. Танд нэг анхаарах зүйл хэлье. Та хэрвээ унд, ахуйн хэрэгцээндээ зориулж худаг гаргах зөвшөөрөл авчихаад зориулалтаа өөрчлөн, зөвшөөрөлгүйгээр цооног өрөмдөх, суваг шуудуу татах, худаг гаргах бол хууль зөрчсөн үйлдэл хийж байнаа гэсэн үг. Ингэсэн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэнэ.  

- Усыг ямар саванд хадгалбал чанараа алддаггүй вэ?

- Төмөр сав, модон сав гэхээсээ илүү зориулалтын саванд хадгалбал илүү тохиромжтойг мэргэжлийн хүмүүс зөвлөдөг юм байна лээ. Сүүлийн үед хүмүүс ус зөөх болон хадгалах саваа зориулалтын бус гаднаас өөр зүйл савлаж оруулж ирсэн хуванцар сав их хэрэглэж байгаа нь эрүүл ахуйд таарахгүй шүү гэж мэргэжилтнүүд сэрэмжлүүлж байгааг бид анзаарч, хэрэглэхээсээ татгалзах л хэрэгтэй.