Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/26-НД НИЙТЛЭГДСЭН

Тарьсан ой, модоо өмчилж болно гэж сүүлийн үед яриад байна. Энэ үнэн үү?

ikon.mn
2014 оны 5 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Хүмүүсийн дунд ийм яриа байна. Бодит хариултыг доктор Ч.Базарын монологи ярилцлагаар хүргэе. 

- Тарьсан ой, модоо өмчилж болно гэж сүүлийн үед яриад байна. Энэ үнэн үү?

-Үнэн. Өмчилж ч болно, эзэмшиж ч болно. 2012 онд шинэчилсэн “Ойн тухай хууль”-ийн хүрээнд БОНХ-ийн болон Сангийн сайдын хамтарсан тушаалаар хэрхэн өмчлөх, эзэмших харьццаг зохицуулсан журам гарсан. 2013 оны 12-р сарын 25-ны өдрийн тушаал гэж ойлгож болно. 

- Өмчилнө гэхээр яг яана гэсэн үг үү?

- Энгийнээр, таны тарьсан таримал ой, модыг танд өмчлүүлнэ гэсэн үг. Энэ өмчлөл нь зөвхөн иргэн хүнд бус аж ахуйн нэгж, байгууллагад ч хамаатай.

- Маш их сонирхол татаж байна шүү. Би таримал ойгоо өмчилж авна. Өмчилнө гэдэг бол үл хөдлөх хөрөнгөтэй болж  буй хэрэг. Өнгөрсөн жил тарьсан ойгоо өмчлөе байз...

-Үнэхээр тийм. Гэхдээ журамд 2003 оноос хойш зориудаар тарьсан ойг өмчлүүлэхээр заасан байгааг анзаараарай.  

- Аан тийм үү. Таримал ой нь газар дээр ургаж таарна. Тэгэхээр ойн доорхи газрыг давхар өмчлөх үү?

-Маш зөв асуулт байна. Гэхдээ иргэн өөрийн өмчлөлийн газартаа тарьсан байвал өмчилнө. Эзэмших хууль ёсны газартаа тарьсан ой, модоо мөн л хуулийн дагуу эзэмшинэ. Таны хууль ёсны эзэмших хугацаа дууссан бол төр таны таримал ой, модыг тухай үеийн ханшаар нь үнэлээд л авна гэсэн үг. 

-Тэгвэл өмчлөх, эзэмшихээс бусад таримал ойн доорхи газар энэ өмчлөлд хамаарахгүй нь ээ. 

-Яг тийм. Хууулиар олгогдсон нэг иргэнд ноогддог 0,7 га газарта таримал ой бий болгосон бол тэр ой үнэлгээжин, таны нэр дээр үл хөдлөх болон бүртгэгдэж байна гэж ойлговол зохино. Харин ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага өөрийн эзэмшлийн, ойн сангийн бус газартаа зориудаар тарьж ургуулсан таримал ой, модыг өмчлөх боломжтой.

Журамд “Иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад өмчлүүлсэн ой, мод нь зөвхөн газрын гадарга дээр ургаж буй ой, мод хамаарах ба түүний доорхи газар, газрын хэвлий өмчлөлд хамаарахгүй” нэж заасан.

- Ойн сангийн бус газар гэхээр ямар газар байх вэ?

- Ойн сан гэж юу болохыг тайлбарлахад л бүх зүйл ойлгомжтой болно. Ойн тухай хуулинд “Ойн сан гэж ой, ой дотор байгаа ойгоор бүрхэгдээшүй болон ойн тэлэн ургахад шаардлагатай талбай бүхий орчныг хэлнэ” гэж тодорхойлсон байдаг. Тэгэхээр дээрхээс бусад газартаа зориудаар тарьж ургуулсан мод, ойг өмчлөх нь. 

- Өмчлүүлэх таримал ойн талбайг заасан хэмжээ бий юу? Тухайлбал, таримал ой, модыг худалдах талбайг 0.5 га-гаас багагүй гэсэн байдаг.

- Мөн адил 0.5 га-гаас багагүй талбайд тарьсан байх шаардлагатай. Гэхдээ талбай нь 0.5 га-д хүрэхгүй бол таримал модыг нь тоолоод өмчлүүлнэ. Маш их боломжийн зохицуулалт байгаа биз.

- Аятайхан санагдаж байна. Өмчлөх мод, ойд шалгуур тавих уу?

- Үр ба тарьц, суулгаццар ойжуулалт хийснээс хойш 5-аас дээш жил арчилж ургуулсан, 8 ба түүнээс дээг настай байх учиртайг журамласан. Нэг ёсондоо мэргэжлийн хүмүүсийн хэлдэг “титэм нийлэх” буюу цаашид амьдрах чадвартай гэдгээ харуулсан мод, ой гэж ойлгож болох байхаа.

Нэг анхаарууштай шалгуур бол таримал ойн нь мөн л ямар бүсэд байгаагаас хамааран модны тоо ширхэгийг ялгавартай тогтоосон. Ойт хээрийн бүсэд 0,5 га-д 700, тал хээрийн бүсэд 500, говь цөлийн бүсэд 300-аас багагүй ширхэг мод тарьсан байвал өмчлөх боломжтой болно. 

- За би 2003 оноос хойш тарьсан мод, ойгоо өмчлөмөөр санагдлаа. Журмын болзолтой ч нийцэж байна. Хэнд хамгийн түрүүн хандах вэ?

- Та өргөдлөө бичнэ. Харьяа Ойн анги тодорхойлолт гаргаж өгнө. Ойн ангигүй газар бол Байгаль хамгаалагч тодорхойлно. Газрын кадастрын зураг байх ёстой. Эрдэм шинжилгээний мэргэжлийн байгууллагын дүгнэлт бас гаргуулна. За энэ бүх бичиг баримтаа аймаг, нийслэлийн Байгаль орчны газарт тухайн жилийнхээ 7-р сарын 5-ны дотор багтаан өгнө.

Өргөдөлдөө тарьж ургуулсан газрын нэрийг бичнэ, газар зүйн солбицол, модны тоог бичээд, гэрэл зургаар баримтжуулсан байна. Аймаг нийслэлийн Байгаль орчны газар өргөдөл, материалыг хүлээн авч хянаад тодорхойлолт гарган 8-р сарын 5-ны дотор БОНХЯ-нд ирүүлнэ.

- Эцсийн шийдвэр яаман дээр гарах нь ээ?

- Арай ташаа ойголт байна. Яам өргөдөл, материалуудыг хянаад өмчлүүлэх боломжтой эсэх талаар тодорхойлоод, тухайн сум, дүүргийн Засаг даргад 9-р сарын 1-ний дотор хүргүүлнэ. Өмчлүүлэх захирамжийг сум, дүүргийн Засаг дарга гаргана. 

- Өмчлөлийн батламж ч юмуу өгнө биз дээ.

- Өгнөө. Таримал ой, модыг өмчлүүлсэн тухай гэрчилгээ олгоно. Гэрчилгээний загварыг журмаар баталсан байгаа. 

-За баярлалаа. Тарьсан ойгоо өмчилнөө. Энэ ч төрөөс иргэддээ олгож буй том боломж шүү. Хэдэн үеэрээ ч ашиглаж болно.