Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/23-НД НИЙТЛЭГДСЭН

Мазаалайн тэжээл үйлдвэрлэх цех ажлаа эхлэхэд бэлэн болжээ

БОНХАЖЯ
2014 оны 5 сарын 23
iKon.MN
Зураг зураг

- БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд орон нутагт ажиллалаа -

Нэмэлт тэжээл үйлдвэрлэхэд бэлэн болжээ 

Эхийн гол дахь “МАМА” ТББ-ын Мазаалай баавгайн нэмэлт тэжээл үйлдвэрлэлийн цех тэжээл бэлтгэхэд бэлэн болжээ. Өнгөрсөн жил Эхийн голд 0,5 га талбайд эрдэнэшиш тариалсан бөгөөд энэ хавар мөн нэг га газарт тариалах гэж байна.

Өнгөрсөн онд “МАМА” ТББ-д яамнаас зургаан сая төгрөгөөр цахилгааны асуудлыг шийдэж өгсөн бөгөөд тэд өөрсдийн хөрөнгөөр үйлдвэрлэлийн бүх тоног төхөөрөмжөө бэлэн болгосон байна. Ирэх сарын 1-нээс яамнаас ирүүлсэн Мазаалайн нэмэлт тэжээлийн орцын  дагуу тэжээлийг бэлтгэн нийлүүлэх ажил эхэлнэ. 


Мазаалайн нутагт нинжа нэвтэрчээ 

Мазаалайн амьдрах орчныг сайжруулахад өнгөрсөн онд 600 сая төгрөгийн ажил хийсэн билээ. БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Мазаалайг хамгаалах ажлын хэсгийн дарга Ж.Батболд өнгөрсөн онд хийгдсэн ажлууд  хөрсөн дээрээ хэрхэн буусныг газар дээр нь очиж үзлээ.  


Нинжа нар дархан газрыг сэндийлэхээр санаархсан байна 

Мазаалайн амьдрах орчин буюу Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны “А” хэсэг нь Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрийн 30, Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрийн 70 хувийг эзэлдэг.Нинжа нар Мазаалайн нутаг руу халдсан тохиолдол өнгөрсөн оноос эхэлжээ.

Сүүлийн тохиолдол нь Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэр дээр гарсан бөгөөд тэсрэг дэлбэрэх бодис тээвэрлэн дархан газарт алт олборлохоор явж байсныг хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч илрүүлэн Цогт сумын байгаль хамгаалагчийг байлцуулан цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Гэвч ямар нэгэн хохирол учруулаагүй гэсэн үндэслэлээр тухайн этгээдүүд суллагдах магадлал өндөр байгаа аж.

Одоогоор тус хэрэг аймгийн Прокурорын газарт шилжсэн байна. Мөн нинжа нар нэн ховор амьтдад зориулж Барууншаргад байгуулсан худгийн шланк, цахилгааны утсыг таслах зэргээр хорлон сүйтгэсэн үйлдэл гарах болжээ. Хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчдын хэлснээр Мазаалайн бааснаас хятад үсэгтэй цаасан хайрцагны хэсэг гарсан байна.

Энэ нь Мазаалайн амьдрах нутагт нинжа нар нэвтрэн тэдний үлдээсэн хог хаягдлыг Мазаалай идсэн байх магадлал өндөр юм. Тиймээс байгаль хамгаалагчид үүнийг нинжа нар дархан газар нэвтэрсний гэрч гэж үзэж байна. 

Амьд баригчид орсон Мазаалайг харлаа 

Ж.Батболд дарга Шар хулстын баянбүрдэд ирж Мазаалай тэжээлийн сав, Мазаалай болон нэн ховор амьтдад зориулсан хөвтэй танилцав. 

Шар хулстын баянбүрдэд биднийг очиход АНУ-ын “Мазаалай” төслийн  удирдагч Harry Reynolds ажиллаж байсан юм. Тэд Мазаалайн нутагт жил бүр ирж Мазаалай баавгайд сансрын дохиололтой хүзүүвч зүүдэг. Энэ онд 3 Мазаалайд сансрын дохиололтой хүзүүвч зүүх зөвшөөрөлтэй ирээд 21 хоногийн хугацаанд ажлаа гүйцэтгээд буцахынх нь өмнө таарсан юм. 

Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсгийнхнийг очиж хоносон шөнө төслийнхний Цагаан бургасны баянбүрдэд тавьсан амьд баригчид хэдхэн хоногийн өмнө барьж сансрын хүзүүвч зүүлгэсэн, эр Мазаалай орсон байв. 

Анх удаагаа Говийн их дархан цаазат газарт ирээд нэг хоногийн дараа Мазаалай харсан тохиолдол өмнө нь байгаагүйг байгаль хамгаалагчид хэлж байлаа. 

Нэмэлт тэжээлийн савыг нэмэгдүүлнэ 

Говийн их дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны “А” хэсэг 15 баянбүрдийг түшиглэсэн тус бүр нэг тэжээлийн савтай. Хамгаалалтын захиргаанаас баянбүрд бүрт дахин нэг тэжээлийн жижиг сав байршуулахаар төлөвлөснийг Хамгаалалтын захиргааны дарга Г.Довчиндорж хэлсэн.

Түүний хэлснээр баянбүрд тус бүрийн тэжээлийн савыг нэг, нэг эр Мазаалай эзэмшдэг тул бусад баавгайг ойртуулахгүй байх тэмцэл өрнөдөг байна. Үүнээс болж эм Мазаалай тэжээлийн сав руу ирдэггүй аж.

Тиймээс эм Мазаалайд идэш тэжээлгүй өлбөрч үхэх эрсдэл тулгарч байгаа аж. Хэрэв тусад нь эм Мазаалайд зориулж жижиг тэжээлийн сав байршуулах нь тэднийг эрсдэлээс хамгаалах үр дүнтэй гэж үзэж байгаа юм.    

Байгаль хамгаалалгчдын мотоцикл, холбоог шийдэж өгөхөөр боллоо 

Говийн их дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны “А” хэсэгт 14 байгаль хамгаалагч ажилладаг. Одоогоор тэдний 12 нь хувийн мотоциклоороо албан үүргээ гүйцэтгэж байна.

Холбоо болон бие хамгаалах хэрэгсэл байхгүй аж. Мөн байгаль хамгаалагчдын ногоон хувцас нь чийг татсан материалтай тул анхаарахыг хүслээ. Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд Хамгаалалтын захиргааныхантай уулзахад яригдсан дээрх асуудлуудыг сонсоод шатахууны урсгал зардлын төсвийг нэмэх, мотоцикл, холбоо, бие хамгаалах хэрэгслийг иж бүрнээр нь шийдэж өгөхөөр боллоо. 

Германы сэргээн босголтын банкны 11,5 сая еврогийн Тусгай хамгаалалтын газар нутгийн хамгаалалтыг сайжруулах, хүний нөөцийг бэхжүүлэх төсөл хэрэгжиж эхэлсэн.

Мөн Монголын Улсын Засгийн газраас 1,5 тэрбум төгрөгийг дээрх зорилгоор зарцуулах болсон. Тиймээс хамгаалалтын захиргаадын байгаль хамгаалагчдын ажиллах нөхцөлийг сайжруулах боломж бүрдэж байгаа юм.