Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/24-НД НИЙТЛЭГДСЭН

Ан амьтныг тэжээврээр үржүүлж, ашиглаж болох уу?

ikon.mn
2014 оны 5 сарын 24
iKon.MN

Ан амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх талаар монголчууд биднийг бусдаас ялгарах зан заншилтай хүмүүс гэдэг. “Жил бүр 3-10 дугаар сар хүртэл туулай, буга, бор гөрөөс, цагаан зээр, хар сүүлт зэргийг төрөх үржих цагт нь хан ван, эрхтэн дархтан ямар ч хүн агнах эрхгүй” гэсэн хууль дүрэм Монголд байх юм гэж Монголд 25 жил амьдран суугаад 1327 онд нутаг буцсан Италийн иргэн Марко Поло номондоо дурдан бичсэн байдаг. 2012 онд шинэчлэн баталсан Амьтны тухай хуульд ан амьтныг ашиглах, эзэмших талаар ямар зохицуулалт хийснийг Ч.Базарын монолог ярилцлагаар хүргэе.   

- Балыг нь авах зорилгоор зөгийг ашигламаар байна. Хуулиар ер нь зөвшөөрдөг юм болов уу?

- Зөвшөөрнө. “Амьтны тухай хууль”-иар иргэн, хуулийн этгээд нь нэн ховроос бусад амьтныг ямар хэлбэрээр ашиглаж болохыг тодорхой заасан л даа. Үүнд,  амьтны аль нэг ашигтай шинж чанарыг ашиглах, судалгаа, шинжилгээ, соёл, урлаг, гоо зүйн зориулалтаар барих, ахуйн, үйлдвэрлэлийн, тусгай зориулалтаар агнаж, барихыг зөвшөөрсөн. 

- Амьтны аль нэг шинж чанарыг ашиглаж болно гэлээ. Тодруулбал? 

- Хөрс бүрдүүлэх, байгалийг ариутгах, ургамалд тоос хүртээх зэрэг амьтны амьдралын үйл ажиллагааны хэрэгтэй чанарыг нь ашиглаж болно. Ингэж ашиглахдаа амьтанд гэмтэл учруулж болохгүй.

Түүнчлэн зөгийн бал, лав, бугын цусан эвэр, хүдрийн заар зэргийг авах зорилгоор амьтныг тэжээврээр үржүүлж, эмийн болон бусад түүхий эд бэлтгэхэд ашиглана гэсэн үг.

Амьтны хэрэгтэй бүтээгдэхүүнийг авахдаа эрүүл мэндэд нь хор хохирол учруулахгүй, тамлан зовоохгүй, амьдрах орчинг нь алдагдуулахгүй ашиглана гэдгийг хуульд заасан байгааг анхаарах ёстой болов уу. 

- За тэгвэл би ан амьтныг хуульд зааснаар ашиглая гэвэл хэн надад зөвшөөрөл өгөх вэ?

- Судалгаа, шинжилгээ, урлаг гоо зүйн чиглэл болон зөгийн бал, лав, бугын цусан эвэр, хүдрийн заар зэргийг авах зорилгоор ашиглая гэвэл зөвшөөрлийг сум, дүүргийн Засаг дарга олгоно.  Харин ховор амьтныг тэжээврээр үржүүлж, эмийн болон бусад түүхий эд бэлтгэх зориулалтаар ашиглах хүсэлтэй бол зөвшөөрлөө БОНХЯ-наас авна.  

- Тэгвэл ан амьтныг эзэмшиж болох уу?

- Болно. Иргэн, хуулийн этгээд нь ан амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, ашиглах зорилгоор тодорхой нөхцөл, болзол бүхий гэрээний үндсэн дээр эзэмшиж болно. Эзэмшүүлэх журмыг Засгийн газар тогтоож, аймаг, сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурал шийдвэрлэнэ. Харин нэн ховор амьтныг эзэмшиж болохгүй. 

- Ховор амьтны цуглуулга хиймээр байна. Хуулиар зөвшөөрсөн байдаг уу?

- Зөвшөөрдөг. Амьтны цуглуулгад эрдэм шинжилгээ, танин мэдэхүйн зорилгоор барьсан амьтан, түүний чихмэл, арьс, үс, яс, амьтны гаралтай бусад зүйл орно гэдгийг хуульд тодорхой заасан. Ховор амьтны цуглуулга хийх зөвшөөрлийг БОНХЯ олгодог.  

- Ан амьтныг ашиглахад тогтоосон ч юмуу хязгаарласан тоо хэмжээ байх уу?

- Байна. Зөвшөөрөх тоо хэмжээ нь тухайн ан амьтны нөөцөөс хамаарна гэж ойлгоход болно.

- Тэгвэл тэрхүү тоо хэмжээг хэн тогтоох вэ?

- Ашиглалтын хэлбэрийн тоо хэмжээг тухайн аймаг нь тогтооно.  Өөрөөр хэлбэл, тухайн аймаг агнуурын бүс нутгийн ан агнуурын менежментийн төлөвлөгөөндөө  амьтныг ашиглах бүхий л хэлбэрээ тусгаж өгнө.  

Ан агнуурын менежментийн төлөвлөгөө нь ан амьтныг хамгаалах, нөхөн үржих нөхцлийг хангах, тогтвортой ашиглах үйл ажиллагааны үндэс болно.

Ан агнуурын менежментийн төлөвлөгөөг  БОНХЯ баталж, өөрийн харъяа, нэгж байгууллагаар хэрэгжилтийг хангуулах үүрэгтэй. 

- Сүүлийн үед нөхөрлөлүүд ан амьтныг хамгаалах чиглэлээр ажиллаж байна. Тэд агнуурын нөөцийг хамгаалах ямар эрх, үүрэгтэй вэ?

- Нөхөрлөл нь хариуцаж байгаа агнуурын бүс нутгийнхаа агнуурын нөөцийг хуулийн хүрээнд, гэрээнд заасны дагуу тогтвортой ашиглах, эзэмших, өөрийн эзэмшлийн газар болон байгалийн нөөцөд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх давуу эрхтэй.

Нөхөрлөл нь агнуурын бүс нутгийн ан агнуурын менежментийн төлөвлөгөөг аймаг, сумын ЗДТГ, аймгийн Байгаль орчны газар, агнуурын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, мэргэжлийн байгууллагатай хамтран хэрэгжүүлэх үүрэгтэй.

Нөгөөтэйгүүр, тухайн жилд агнасан амьтны төлбөрийн орлогийн 50-иас доошгүй хувийг агнуурын бүс нутгийн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд зарцуулах шаардлагатайг журмаар зохицуулсан. Энэ нь агнуурын бүс нутгийг эзэмшиж буй хуулийн этгээдэд бас нэгэн адил үйлчилнэ.