Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

Я.Байгалмаа: Ханиа урамшуулж, хамтдаа байгаагаа мэдэрвэл гэр бүл аз жаргалтай

Н.Лхагвасүрэн, Өдрийн шуудан
2014 оны 5 сарын 17
Өдрийн шуудан
Зураг зураг
Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дарга Я.Байгалмаа

Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дарга Я.Байгалмаатай ярилцлаа.

-Хүүхэд, гэр бүл гэхээр их өргөн хүрээг хамарна. Танай байгууллагын гүйцэтгэх гол ажил юу вэ? 

-Манай байгууллага нийгэмд ихээхэн үүрэг хүлээсэн, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн нэг юм шүү дээ. Нийслэлийн есөн дүүрэгт салбар нэгжүүдээрээ дамжуулан ажлаа явуулдаг юм. Манай газрын хамт олон багаар ажиллаж сурсан, боловсрол мэдлэгтэй залуучууд байдаг.

Өнөөдөр нийгэмд хүүхэд, гэр бүлийн асуудал тулгамдаж байна. Төрийн анхан шатны нэгж баг гэдэг бол нийгмийн анхдагч нь гэр бүл гэж хэлж болно. Тэгэхээр бидний үүрэг их байхаас аргагүй.

Хамгийн хэцүү нь эцэг эхийн муу зуршил хүүхдэд уламжлагдаад давтагдах магадлал өндөр. Хүүхэд өөрөө эцэг эхийнхээ толь болохоор арга ч үгүй.

Нийслэлд сэтгэл түгшээсэн зүйл их гардаг. Хамгийн хэцүү нь эцэг эхийн муу зуршил хүүхдэд уламжлагдаад давтагдах магадлал өндөр. Хүүхэд өөрөө эцэг эхийнхээ толь болохоор арга ч үгүй юм.

Бид үр хүүхдээ ямар орчинд, ямар зан үйлд сургаад байна вэ гэдгээ бодож үзэхгүй байна. Хүчирхийллийн эсрэг олуулаа нэгдэж, эерэг зан үйл, харилцааны зөв барилыг хэвшүүлэх учиртай юм. Олон нийтийг хамарсан нөлөөллийн ажил, сурталчилгааг тогтмол хийх хэрэгтэй болдог. Манай байгууллага дүүргүүдийн гэр бүл хөгжлийн төвүүдтэй хамтран Гэр бүлийн хөгжлийг дэмжих, Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд хүүхэд бүрийг гэр бүлдээ аз жаргалтай, эцэг эхтэйгээ элэг бүтэн амьдрахад ажлаа уялдуулж ажилладаг.

Энэ нь тийм ч амар санаснаар бүтэх ажил биш л дээ. Хамт олны оролцоо их шаарддаг. Хүүхдүүд юу хүсч мөрөөдөж байна, тэдэнд тулгамдсан ямар асуудал байгааг өөрсдөөс нь сонсох аяныг эхлүүлээд байна. Энэ ажлын хүрээнд “Их хотын охид”, “Их хотын хөвгүүд” хэлэлцүүлэгт тус бүр 500 хүүхдийг оролцууллаа.

Тэдний сэтгэлийг хамгийн их түгшээж байгаа зүйл нь насанд хүрэгчдийн архи, тамхины хэрэглээ, хүчирхийлэл байлаа. Хүүхдүүд хорт зуршлаас залхаж, татгалзаж байгаагаа дуу нэгтэй илэрхийлж байсан. Тэдний идэвхитэй, өөрсдийнхөө төлөө зорилго тэмүүлэлтэй байхыг нь урамшуулан дэмжиж есөн дүүргийн 30-аад хүүхдийн төлөөлөл оролцуулсан Хүүхдийн холбоог шинээр байгуулаад байна. 

-Хараа хяналтгүй хүүхдүүдийг нийгэмшүүлэх нь төвөгтөй ажил уу? 

-Өмнөх нийгмийн үед хараа хяналтгүй хүүхэд гэсэн ойлголт байгаагүй шүү дээ. Зах зээлийн эдийн засагт шилжсэн энэ цаг үед сайн муу бүх юмыг ил гаргадаг юм байна. Ажилгүй, арчаагүй зарим нь хүүхдээрээ гуйлга гуйлгаж, ажил хийлгэж, олж ирсэн хэдэн төгрөгөөр нь гэдсээ цатгаж байгаа тохиолдол бий. Яагаад хүүхэд хараа хяналтгүй тэнээд явчихаж байгааг хүн бүр хэлүүлэлтгүй мэдэж буй. Зарим нь “Нарантуул” зах дээр тэрэг түрээд мөнгө олж байхад нэг хэсэг нь учраа мэдэхгүй тэнээд явж байна. Бид үүнийг зогсоохын төлөө их зүйл санаачилж байдаг.

Хүүхэд хараа хяналтгүй явна гэдэг нь эцэг эхийн муу нөлөөнөөс болсон байдаг. 

Хараа хяналтгүй хүүхдийг нийгэмшүүлэх төслийг Нийслэлийн хөдөлмөрийн газар, Халамжийн газартай хамтран хэрэгжүүлж байна. Хүнд хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүдийг чөлөөлөх томоохон ажил төлөвлөөд түрүүчээс нь эхлүүлсэн. Үүний тулд эцэг эхийг нь ажилтай болгох, тэднийг хүүхдийнхээ төлөө анхаарал халамж үзүүлэхийг зөвлөдөг.

Хүүхэд гэр орны орчин сайхан байхад өөрөө тэнээд явчихаж байгаа юм биш. Гэр орны хэрүүл, архидалт, хойд эцэг, эхийн дарамт гэх мэт олон хүчин зүйл нөлөөлж байдаг. Хүүхэд хараа хяналтгүй явна гэдэг нь эцэг эхийн муу нөлөөнөөс болсон байдаг. 

-Нийслэлд хүүхэд автын болоод элдэв осолд өртөх нь бий. Энэ талаар дорвитой арга хэмжээ авч чадаж байна уу? 

-Ямар нэгэн хэлбэрээр хүүхэд осолдсон дуулдахаар бид асар их эмзэглэдэг. Цагаан цаас шиг цэвэрхэн, гэнэн хөөрхөн амьтан сургуулийнхаа замд согтуу жолоочид дайруулчих тохиолдол олон гардаг. Жил жилээр гаргасан дүнгээс харахад осолдсон хүүхдийн тоо олон. Бахархал биш болохоор энэ тухай тоо хэлээд ч хэрэггүй байх. Хүүхдийг осол гэмтэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг холбогдох газруудтай хамтран зохион байгуулдаг. Жолооч ч, эцэг эх ч.

Тийм болохоор эцэг эх хүүхдийнхээ хараа хяналтад анхаарах хэрэгтэйг бүх сувгаар шаардсаар байна. Манай нийслэлд машины жолоон дээр сууж яваагаас цааш мэдлэггүй, хариуцлага хүлээх чадваргүй, зарим нь үнэмлэхгүй хүн бий. Өнөөдөр зам дээр явган зорчигч ногоон гэрлээр гарахад энэ дүрмээрээ зогсоно гэж найдахад хэцүү.

Жолооч нарыг хариуцлагатай байлгах, дүрмийн дагуу хөдөлгөөнд зөв оролцохыг уриалах, хэвшүүлэх талаар сургалт, судалгааны ажил хийж түүндээ өндөр ач холбогдол өгч байна. Хувь хүний хайнга, хариуцлагагүйн балаг нийгэмд их хохирол учруулж байна.

Сүүлийн 20 жилийн дотор нийслэлд шилжин ирж суурьшсан иргэд хотжиж мэдэхгүйн улмаас хотын хөгжилд саад учруулж байна. Нэг жишээ хэлэхэд, дүүргийн хаяанд буучихаад өөрсдөө ажилгүй, хүүхдээ цэцэрлэг, сургуулиас завсардуулах, хараа хяналтгүй хүүхдийн эгнээнд элсүүлж байх жишээтэй.

-Манай нийгэмд гэр бүл салалт ихэссэн гэж яригддаг. Залуучуудад гэр бүлийн боловсрол дутмаг байна уу? 

-Өнөөдөр гэр бүл болж байгаа залуус эрүүл мэнддээ анхаарах, хариуцлага хүлээх чадвар, сэтгэлийн тэвчээр, бэрхшээлийг даван туулах чадвар гэхчилэн олон талаар бэлтгэгдээгүй байдаг. Тэдэнд зааж сургах, чиглүүлэх, мэдлэг олгох талаар дутмаг байна.

 Эцэг эхчүүд гэртээ хүүхэдтэйгээ хамт байх цаг зав бага байгаа учир хүүхэддээ зааж зөвлөхийг ихээхэн орхигдуулжээ.

Хотожсон энэ цаг үед зах зээлийн шаардлагаар эцэг эхчүүд гэртээ хүүхэдтэйгээ хамт байх цаг зав бага байгаа учир хүүхэддээ зааж зөвлөхийг ихээхэн орхигдуулжээ. Охид хөвгүүд бие биенээ гүйцэд таньж мэдэлгүй дөнгөж танилцангуут нийлж, тэгснийхээ дараа нэгнийхээ үгийг даалгүй хоёр тийшээ болж байх жишээтэй. Судалгаагаар хуулийн байгууллагад баталгаагаа салгуулж байгаа залуу гэр бүл жил ирэх бүр нэмэгдэж байдаг. Тэд дор хаяж нэг хүүхэдтэй байгаа. Үүний ард учир мэдэхгүй нялх үрс маш том хохирол амсч үлддэг.

Тэр хүүхэд цаашдаа хойд эцэг эхийн гар харж, хүмүүжлээр доголдох үзэгдэл ажиглагддаг. Манай газар гэр бүлийн боловсрол олгох хэрэглэгдэхүүн бүхий танхимтай болсон. Их, дээд сургуулиудтай хамтран сургалтын модель гарган хариуцсан ажилтнуудтай болж байгаа. Цаашдаа зайны сургалтаар олон хүнийг хамруулах төлөвлөгөөтэй байна. 

-Сүүлийн үед хүчирхийлэл, тэр тусмаа охидыг хүчирхийлсэн тухай яригдах болсон? 

-Охид хүчирхийллийн бай болох учиргүй гэж ярьсаар л байна. Манай монголчууд охин хүүхэддээ их анхаарал хандуулдаг шүү дээ. Тэгсэн хэр нь охид буруу зуршилд уруу татагдаад байдаг. Охид цэвэрхэн бол тэр улс орны нүүр царай гэж хэлдэг. 2012 оноос жил бүрийн аравдугаар сарын 11-нийг олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр болгон зарласан юм.

Охид, залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах “Түмэн” төв, “Хөөрхөн зүрхнүүдийн аян”-тай хамтран “Охид хүчирхийлийн бай биш” сэдэвт охидын эрхийн төлөөх кампанит ажлыг өнгөрсөн оноос өрнүүлж эхэлсэн. Энэ ажил үр дүнгээ өгч байгаа. Өнөөдөр ерөнхий боловсролын болон их, дээд сургуулиудад суралцаж байгаа оюутнуудын жендерийн түвшинг авч үзэхэд охид 60 шахам хувийг эзэлж байна.

Тэгэхээр охидын дунд тамхи татах, архи уух, биеэ үнэлэх таагүй үзэгдэл цөөнгүй бий. Үүнийг зогсоохын тулд манай байгууллага хүчний болоод төрийн бус байгууллагуудтай хамтарч олон арга хэмжээ зохион байгуулсан нь үр дүнд хүрсэн. Манай байгууллага энэ оны эхэнд “Биднийг сонс” охидын эрхийн анхдугаар форум зохион байгуулсан. Энэ үеэр нийслэлийн 42 сургуулийн 2500 охин нийгэмд хүчирхийллийг таслан зогсоохыг уриалж өөрсдийн дуу хоолойг бүжгээр илэрхийлсэн. 

-Таныхаар гэр бүлийн аз жаргал гэж юу вэ? 

-Гэр бүлийн аз жаргал гэж бие биедээ хандах сэтгэлд оршдог болов уу. Анх уулзаж учрахад бие биеэ гэсэн сэтгэл байдаг шүү дээ. Тэр үед мөнгө, унаа тэрэг, орон сууц, эд хөрөнгө огт санаанд орохгүй.

Гэр бүлийг аз жаргалтай байлгахыг төр засаг эхээс төрсөн бие хүн байхаас нь халамжаа үзүүлж төлөвшүүлэх учиртай.

Харин амьдралын явцад материаллаг зүйлд илүү шүтээд, сэтгэлээ хоосруулчихдаг юм шиг санагддаг. Сэтгэлээ өдөр бүр усалж, ханиа урамшуулж, хамтдаа байгаагаа мэдэрч чадвал гэр бүл аз жаргалтай байна.

Гэр бүл амгалан байвал хүүхдийн царай зүс гэрэл гэгээтэй, хөгжилтэй байдаг биз дээ. Бүх гэр бүл аз жаргалтай байвал нийгмийн хөгжил асар хурдасна. Харин гэр бүлийг аз жаргалтай байлгахыг төр засаг эхээс төрсөн бие хүн байхаас нь халамжаа үзүүлж төлөвшүүлэх учиртай.

Зураг
Зураг
13 | 18 | 17 цаг