Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/06-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын хөлбөмбөгийн хөгжлийг "Эрчим" клуб шинэ шатанд гаргалаа

CSPORTS team
2014 оны 5 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Монголын хамгийн амжилттай хөлбөмбөгийн клуб Эрчим Азийн Хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчийн цомын тэмцээний шигшээд 2 дахь жилдээ дарааллан шалгарлаа.

Эрчимийн залуус энэ удаад өөрийн талбайдаа буюу Улаанбаатар хотноо 2 тоглолт хийж, 4 оноог цуглуулав. Хэсгийн сүүүлийн тоглолтын тоймыг СиСпортс, нийтлэлч Г.Зол-Эрдэнэ танд хүргэж байна.
 
Оршил

Азийн хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчийн цомын тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт яг одоо МХХ-ны төв талбайд явагдаж байна. Үндэсний лигийн 8 удаагийн Эрчим клуб Непалын аварга Мананг клубтэй тоглож байна. 2 баг өмнөх тоглолтууддаа ялалт байгуулаад байгаа бөгөөд Камбожийн Свай клубыг Эрчим 3:1-ээр, Мананг 6:3-аар тус тус буулгаж аваад байсан юм.
 
Уг тоглолтонд хэрвээ хожил байгуулвал Эрчим клүб хэсгийн 1-р байраар цааш шалгарч ирэх 9 сард аваргаа тодруулах 11 багийн нэгт давуу байдалтайгаар шалгарах боломжтой байв.

Тоглолтыг аажуухан эхлүүлэв

17:00 цагаас Хөлбөмбөгийн холбооны ногоон талбайд болсон уг тоглолтонд Эрчим клүб Непалийн Мананг клүбийг хүлээн авч Дасгалжуулагч Батнасан дараах бүрэлдэхүүнийг гараанд гаргажээ.

Өмнөх тоглолттой ижил бүрэлдэхүүнийг гаргасан Батнасан дасгалжуулагчийн хувьд уг тоглолтын эхний хэсэгт нилээн болгоомжлохыг залуустаа зөвлөсөн бололтой.

Тоглолт эхлээд хоёр баг бие биенээ андсан байдлаар эхлүүлэн, харилцан хамгаалах байдлаар тоглолтыг эхлүүлсэн ч тоглолтын "темп" буюу хурд маш өндөр байна.

Гэсэн хэдий ч тоглолтын эхний үеийн хамгийн аюултай довтолгоог өмнөх тоглолтын баатар Гал-Эрдэнэ гүйцэтгэж, 25 орчим метрээс цохисон цохилт нь хөндлөвч онон гарч ирэхэд цэнгэлдэхэд цугласан бүх хүмүүс уухай алдав.

Үүнээс өөр сонирхолтой үйл явдал эхний үе болоогүй “нам жим” дууссан бол 2-р үе газар тэнгэр мэт зөрүүтэй, өөр байдлаар өрнөв.
 
ӨӨР ТҮВШИНД ХҮРСНЭЭ БАТЛАСАН НЬ

Хоёрдугаар үе эхлээд Мананг клүбийн 17 номерын тамирчны гоцлон тоглолтын ачаар 16 метрийн торгуулийн шугам дээр 8 дугаартай тоглогч бөмбөг сул хүлээн авч цохьсон ч хаалганаас нилээн дээгүүр цохилоо.

Гэрэл зургийг: Тамир.GLZ

Үүний хариуг 60, 62 дахь минутуудад Эрчим клүб барьж, 2 ч чөлөөт цохилт хийсэн ч үр дүнд хараахан хүрсэнгүй. Тоглолтын 79 дэх минут хүртэл хэд хэдэн сэлгээ хийв. Харин энэ цаг мөчид НЕПАЛЧУУД ТОМ АЛДААГ ГАРГАЛАА. Өөрийн хамгаалагчаас дамжуулсан бөмбөгийг хаалгач барьж, бөмбөг барьсан газраас чөлөөт цохилт хийх боломжтой боллоо!!!
 
ТОМ БОЛОМЖ

Мөн уг үйлдлээс болж Азиз Сахед улаан хуудас!!! Үүнээс илүү боломж гэж юу байхав. Гэсэн хэдий ч сайхан боломжоо ашиглаж чадсангүй.

85' минутанд Гал-Эрдэнэ сууж, №11 Батбилгүүн талбайд гарч ирсний дараа уг залуу хоёр ч удаа Монголчуудын зүрхийг хөөргөөд амжив.

Гэрэл зургийг: Тамир.GLZ

7 минут нэмж сунгахад Батбилгүүн гоол орууллаа, ХАРАМСАЛТАЙ НЬ ОТОН ТОГЛОЛТ туг өргөжээ. Мөн л удсангүй дахин Батбилгүүн. Багийн ахлагч Энхжаргалын гоё дамжуулалтаар Батбилгүүн мөргөсөн ч шон онов. Үнэхээр ХАРАМСАЛТАЙ!!! Харамсалтай гэхээс өөр юу гэхэв. ХАРАМСАЛТАЙ!!!
 
ТОГЛОЛТЫН ҮНДСЭН ЦАГ ДУУСЧ, 0:0-ИЙН ХАРЬЦААТАЙ ЭВИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА.
ЭРЧИМ КЛҮБ 4 ОНООТОЙГООР ХЭСГИЙН ХОЁРДУГААР БАЙРААР ДАРААГИЙН ШАТАНД ШАЛГАРЧ БАЙНА. ИЙНХҮҮ ИРЭХ 9 САРД ЭРЧИМ КЛҮБ ШИЛДЭГ 11 БАГТ БАГТАЖ, ЦААШ ТОГЛОХ ЭРХЭЭ АВЛАА. 

 
ШИНЭ ШАТ АХЬСАН “ЭРЧИМ”

Энэ тэмцээн бол Монголын хөлбөмбөгийн түүхэнд шинэ хуудас нээсний сацуу, Монгол улс клүбийн түвшинд Азид МОНГОЛ гэдэг нэрийг гаргасан чухал тэмцээн болж өнгөрлөө.

Тэр тусмаа “ЭРЧИМ”-ийн уг тоглолтын үр дүнгүүд гайхалтай байлаа. Үр дүнг мэдээж, сайн тоглолтоор олж авсан нь ойлгомжтой.

Тоглолтын  хувьд: Эрчим клүб сүүлийн 2 жилд үндэсний тэмцээнүүдэд оролцож байсан Эрчим-ээс нилээн хэдэн шат ахьжээ. Легионер тоглогчид, тэр тусмаа төвийн хамгаалалтын ноён нурууг Энхжаргалын хамтаар үүрэлцэж буй Зораны хувьд хамгаалалтын өндөр техниктэй тоглогч тул хамгаалалтыг маш бат бэх болгож байв.
 
Харин довтолгооны бүсийн №24 Милан-ы хувьд өөрийн үүргээ өөлөх зүйлгүй биелүүлдэг, бие хаа сайтай тоглогч тул эсрэг багийн хамгаалагчдыг их “зовоож” байв.

Харин Монголын тамирчдын хувьд шинэ эрин, шинэ үе хүч түрэн гарч ирж байгааг талбайн төвд 1995 оны залуу хүү Төгөлдөр, баруун жигүүрт өмнөх тоглолтын баатар Гал-Эрдэнэ нар батлан харуулж байлаа. Мэдээж талбайд гол хорыг найруулж буй Гарьдмагнайг дурдахгүй байж болохгүй.
 
Бусад тоглогчдын хувьд ч өөрсдийн үүргээ сайн биелүүлж, БАГААР яаж тоглохоо сайн мэдэж байв. Багийн спорт монголчуудад тохирохгүй гэдэг үгийг энэ тоглолтоор ЭРЧИМ-ийнхэн үнэ цэнэгүй болголоо.

Гэрэл зургийг: Тамир.GLZ

ӨМНӨХ ТОГЛОЛТЫН ГООЛУУДЫГ ЭНД ДАРЖ ҮЗЭЭРЭЙ
 
Багийн менежмэнтийн хувьд: багийн бэлтгэл сургуулилт, сошиал медиа маркетинг, баг бүрдүүлэлт, цалин урамшуулалт тал дээр “Эрчим” клүб Монголын хэмжээнд өөр түвшинд гарчээ.

Мөн өөрсдийн гэсэн стандарт талбайтай, нөөц боломж, техник технологиор хангаад өгвөл хэдий богино хугацаанд яаж “асар” хурдан сайжирч чаддагийг ийнхүү тод томруунаар харуулсан нь хөлбөмбөг дэмжигч, Монголын хөлбөмбөгийн ертөнцийн удирдлагыг гартаа барьж буй хүмүүст нэгийг бодогдуулсан биз.

Яг л энэ журмаар бусад багууд өөрсдийгөө сурталчилвал нийт масс, олон нийт хөлбөмбөгт дуртай, багаа дэмжиж чаддаг гэдэг нь харагдлаа.

Гэрэл зургийг: Тамир.GLZ

Залуучууд ч гэсэн үнэхээр өөр түвшний тоглолт гаргаж буй нь Монголын хөлбөмбөгийн ур чадвар урагшаа нэг алхам алхсаны нэг илрэл болов уу. Үнэндээ миний үед 18-тай залуучууд ийм сайн тоглолт үзүүлдгийг мэдэхгүй юм. Цэнд-Аюуш, Мөрөн гээд мундаг залуучууд байсан ч, “Эрчим” залуучууд бол одоо цагийн 18-тангуудын ердөө л төлөөлөл шүү дээ.
 
ТӨГСГӨЛД НЬ

Дэмжээд өг, талбайгаар нь хангаад өг, зөв толгойгоор дасгалжуулаад өг, туршлага хуримтлуулаад өг, зөв багийн менежмэнтээр хангаад өг!!! 10, магадгүй түүнээс ч бага жилийн дараа Азийн аваргуудын лиг үзэцгээе гээд хөгжөөн дэмжигч бид нарыгаа баярлуулаад байж чадах хүмүүс, энэ Монголын авьяаслаг хөлбөмбөгчид чинь!!!

Чадварлаг залуусыг замыг нь зөв заагаад өг, эд нар дараа дараагийн хүүхдүүдийн үлгэр дууриал болж, улам л мундаг хүмүүсийг одоогийн 5, 10 настай хүүхдүүд дууриах болно.

Үндэсний лигийн Буман-Очир, Лүмбэнгарав, Гэрэлт-Од, Мөнхбат, Гарьдмагнай гэж би Монголын хөлбөмбөгийн одуудыг төсөөлдөг байсан бол одоогийн багачууд Тайландын лигийн Монголын Легионэр Мөрөн гэж ярьцгааж байна.

Тэгвэл ирээдүйн авьяастнууд Азийн том багуудад тоглодог Гал-Эрдэнэ, Төгөлдөр гэж даган дууриадаг болог л дээ.
 
БИДЭНД ҮНДЭСНИЙ ЛИГЭЭ ХӨГЖҮҮЛЭХ, БАГИЙН СПОРТООР ОЛОН УЛСАД ГАРАХ, БАГИЙН МЕНЕЖМЕНТ ХИЙЖ ХӨГЖИХ БОЛОМЖ БИЙ ГЭДГИЙГ “ЭРЧИМ” ХАРУУЛЛАА!!!

Энэхүү нийтлэлийг бичсэн Г.Зол-Эрдэнэ нь CSPORTS.mn сайтыг үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд 2010 оны 3-р сараас хойш нийтлэл бичиж байгаа юм. Үүнээс гадна тэрээр Боловсрол ТВ-д харьяалагдан Английн Премьер лигийг тайлбарлаж байсан ба одоогийн байдлаар Sportbox сувгаар Италийн Сери А-ийн тоглолтуудыг Монголын үзэгчдэд тайлбарлан хүргэдэг. АС Милан клубын дэмжигч