Монголын клуб Азийн түвшинд өрсөлдөж эхэллээ. Үндэсний лигийн түүхэн дэх хамгийн амжилттай клуб Эрчим "Ерөнхийлөгчийн цом"-ын тэмцээний хэсгийн шатны эхний тоглолтоо Камбожийн Свай Ринг клубтэй хийж ялалт байгуулснаар дараагийн шатанд шалгарах болзлоо хангав.
Монгол түмнийг баяр хөөрт умбуулсан энэхүү тоглолтын дараагаар СиСпортс, нийтлэлч Д.Батцэнгэл та бүхэнд тоглолтын дараах дэлгэрэнгүй тоймыг та бүхэнд хүргэж байна. Тоглолтын торгон агшнуудыг ЭНДЭЭС үзээрэй.
“Ерөнхийлөгчийн цом” тэмцээний хураангуй
Азийн Хөлбөмбөгийн Холбооны “Ерөнхийлөгчийн цом”-ын тэмцээн анх 2005 оноос хойш зохиогдож эхэлсэн түүхтэй. Гол зорилго нь хөлбөмбөгийн хөгжлийн түвшинг ойртуулах, хөлбөмбөгийн хөгжил тааруу улсуудын клүбүүдийн хөгжлийг дэмжих зорилготойгоор зохион байгуулагддаг тэмцээн юм. Энэ жил уг тэмцээний 10 жилийн ой тохиож буй аж.
Анх найман клүб оролцож эхэлсэн уг тэмцээн жилээс жилд хүрээгээ тэлж байгаа юм. Буурай хөгжилтэй улсын клүбүүдийн санхүүгийн чадавхиас хамаарч зорьж байсан хэмжээнд хүрээгээ тэлэхгүй байгаа ч тус тэмцээнд оролцдог улсуудын хувьд ач холбогдол нь жилээс жилд нэмэгдэж байгаа аж. Үүний тод жишээ нь энэ жилийн тэмцээний нэг хэсгийн тоглолт Монголд зохиогдохоор болсноос харагдана.
Тэмцээн зохиогдож эхэлснээс хойшхи хугацаанд Төв Азийн багууд давамгайлж байсан бөгөөд Тажикстаны Регар ТаДаз 3 удаа, Киргизстаны Дордой-Динамо 2 удаа түрүүлж байсан юм.
“Эрчим” клубийн тухай хураангуй
Монголын Хөлбөмбөгийн Холбоо 1995-1996 оноос бүтцийн шинэчлэл хийж Үндэсний лигийн тэмцээнийг зохион байгуулж эхэлсэн. 1996 онд зохион байгуулагдсан лигийн тэмцээний анхдагч клүбүүдийн нэг нь Эрчим байсан юм. Хуучин коммунист лагерын бусад улсуудын адилаар мэргэжлийн спортын суурь, систем тавигдаагүй учраас төрийн өмчит компаниудыг түшиглэн спортын клүбүүд байгуулагддаг жишгийн дагуу “ДЦС-4” ТӨХК-ийг түшиглэн байгуулагдсан Эрчим клуб нь Үндэсний лигийн тэмцээний анхны аварга болж байсан.
Эрчимийн эхний амжилттай үе 1996-2002 онд үргэлжилж Алтан-Илд, Алтантогос, Батнасан, Пүрэвсүх, Пүрэвсүрэн зэрэг түлхүүр тоглогчдынхоо ачаар уг хугацаанд 4 удаа лигт түрүүлсэн юм.
Хэсэг уналтад орсон Эрчим клүб 2007 оноос эргэж сэргэсэн. Ингэхдээ тэд Мазаалайгийн Б.Гарьдмагнай, Б.Ганзориг, Хоромхоны Н.Чинбаатар, Б.Анар, Шонхорын Ц.Энхжаргал, Багануурын З.Баттулга, шигшээгийн довтлогч Г.Төгсбаяр зэрэг авьяаслаг залуусыг нэг доор цуглуулж 2007-2009 онд хоёр удаа лигийн аварга болсон юм.
Харин 2011 оноос одоогийн Эрчим клүбийн шинэ бүрэлдэхүүнийг бүрдүүлж эхэлсэн бөгөөд тэд 2012, 2013 оны лигийн тэмцээнд дарааллан түрүүлээд байна.
Мөн Азийн хөлбөмбөгийн холбооны “Ерөнхийлөгчийн цом”-ын тэмцээнд Монголоос анхлан оролцож анхны оноо, анхны гоол, анхны хожлыг байгуулсан билээ. Хэдийгээр ТӨХК-ийг түшиглэн үйл ажиллагаагаа явуулж буй боловч Эрчим нь мэргэжлийн хөлбөмбөгийн клүбийн төвшинд дөхөж очоод байгаа ба тэд өөрсдийн стандарт талбайтай Монгол буй хоёр клүбийн нэг, нөгөө нэг нь мөн л ТӨХК-ийг түшиглэн үйл ажиллагаа явуулдаг Эрдэнэтийн “Хангарьд” клүб.
Ерөнхийлөгчийн цом 2014-ийн С хэсгийн тухай товч
Арав дахь удаагийн Ерөнхийлөгчийн цомын тэмцээнд 11 улсын аваргууд оролцож байгаа юм. Уг тэмцээний “С” хэсэгт өнгөрсөн жилийн Монголын лигийн аварга Эрчим /3 дахь удаагаа оролцож буй/, Камбожийн лигийн аварга Свей Ринг /анх удаа оролцож буй/, Непалын лигийн аварга Мананг Маршианди /хоёр дахь удаагаа оролцож буй/ гэсэн багууд орсон байлаа.
Өөрөөр хэлбэл Монголын төлөөлөл Эрчим харьцангуй зөөлөн сугалаа татсан юм. Багуудын уг тэмцээнд оролцож байсан туршлагаас харахад Эрчим клуб илүү туршлагатай бөгөөд өнгөрсөн жил уг тэмцээний сүүлийн шатанд шалгарсан амжилттай байлаа.
Мөн нутагтаа хэсгийн тоглолтуудыг хийх болсон учраас Эрчимд дараагийн шатанд шалгарч өмнөх жилийнхээ амжилтыг бататгах, ахиулах сайхан боломж бүрдсэн билээ.
Эрчим 3 – 1 Свей Ринг
Гоол: Нен Сотерот /автогоол/ 10 мин 1-0, Прак Удом 15 мин 1-1, С.Гал-Эрдэнэ 35 мин 2-1, С.Гал-Эрдэнэ /11м т.ц/ 45 мин 3-1
Гарааны бүрэлдэхүүн – тоглолтын үр дүнгийн нөхцөл байдал
Нээлтийн тоглолтод Свей Ринг клүб 6-3 харьцаатайгаар хожигдсон учраас энэ тоглолтод зайлшгүй хожих хэрэгтэй нөхцөл байдалд ороод байсан юм. Харин талбайн эзэн Эрчимийн хувьд тэнцэхэд л хэсгээс гарах болзлоо хангаж дараагийн шатанд шалгарах сайхан боломж бүрдэх нөхцөлтэй байлаа.
Гарааны бүрэлдэхүүний хувьд талбайн эзэн Эрчим /4-1-2-2-1/:
Талбайн зочин баг Свей Ринг:
Сар Софие, Прак Удом, Чеа Самнан, Нуб Тола, На, Самнан, Сун Весна, Сам Пидор, Нен, Ли Сарорт, Жэймс
Тоглолтын арга барил – давуу сул талууд
Нээлтийн тоглолтоос харахад Свей Ринг клүбийн хамгийн сул цэг нь тэдний хамгаалалтын шугам байсан юм. Мөн нуруу нам тул хоёрдугаар давхарт тааруухан харагдаж байсан.
Харин талбайн төвийн санаалчлага сайн, харьцангуй өндөр зохион байгуулалттай, довтолгооны оролдлогууд нь ямар нэгэн зорилготой, төлөвлөгөөтэй байсан. Түүнчлэн хөдөлгөөнгүй бөмбөгөөс олон хувилбарт цохилтуудыг хийж байлаа.
Талбайн эздийн хувьд харьцангуй нуруулаг, уг тэмцээний туршлагатай баг байлаа. Мөн хамгаалалтын шугам нь сүүлийн хэдэн жил хамт тоглож буй тул бие биетэйгээ маш сайн ойлголцдог. Нуруулаг тул чөлөөт цохилтоос гоолын боломж үүсгэх илүү магадлалтай баг юм.
Тоглолтын явц
Нээлтийн тоглолтын дараагаар үүссэн нөхцөл байдал, мөн Эрчимийн уг тэмцээнд тоглодог тоглолтын арга барилаас шалтгаалж талбайн эзэд хамгаалалтаас сөрөг довтолгоо хийж тоглож байлаа. Арын дөрвөн хамгаалагчдын урд Гарьдмагнай хамгаалалтын шугамыг хамгаалж, талбайн төвөөс Сүндорж, Төгөлдөр, Баттулга, Гал-Эрдэнэ нар эсрэг багийн төвийн хагас, жигүүрийн тоглогчдыг хамгаалж байсан юм.
Хамгаалалтын явцад Эрчим 4-1-4-1 байрлал руу шилжиж байлаа. Харин бөмбөг тасалсан тохиолдолд ихэвчлэн баруун жигүүрээр буюу Гал-Эрдэнийн жигүүрээр довтолгоог дэмжиж тоглож байлаа. Зүүн жигүүрт тоглосон Баттулга эсрэг багийн гол тоглогчдын нэг Сам Пидорыг элдэж хойшоо нэлээн сууж байсан учраас сөрөг довтолгоонд эрчимтэй шилжиж чадахгүй байлаа.
Харин талбайн зочдын хувьд илүүтэй бөмбөг барьж талбайн хоёр жигүүрээр нэвтрэхийг оролдож байлаа. Ялангуяа тэдний баруун жигүүр Сам Пидор, Нуб Тола нараар дэмжигдэж үе үе аюул тарьж байсан.
Цаг уурын сэрүүн байдал, талбайдаа бүрэн дасаагүй зэргээс шалтгаалж тэдний доогуур дамжуулж буй бөмбөг удаан, оноч муу байсан нь эсрэг багтаа олон удаа сөрөг довтолгоо хийх боломжийг бүрдүүлж өгсөн.
Тоглолтын үйл явц дээрх зураглалаас нэг их гажаагүй бөгөөд талбайн эзэн Эрчимийн гоолууд тэдний давуу талуудын ачаар орсон билээ. Эхний гоол - Гал-Эрдэний ур чадвар, хувийн тоглолтыг ашиглаж баруун жигүүрээр нэвтэрсэн довтолгооны ачаар гоол орсон. Хоёр дахь гоол – Хоёрдугаар давхарт илүү тоглож байсан Эрчимийн хамгаалалтын шугамаас ирсэн алсын дамжуулалт Свей Рингийн тоглогчдыг давсаар Гал-Эрдэнэд ирсэн бөгөөд түүний төгсгөл гайхалтай байсан юм.
Гурав дахь гоол – Хоёрдугаар давхарт дээрэлхүүлж байсан Свей Рингийн төвийн хамгаалагч чөлөөт цохилтын үеэр торгуулийн талбайдаа алдаа гаргаж 11 м-ийн т.ц-оор торгуулсан. Цохилтыг залуу хүү Гал-Эрдэнэ амжилттай гүйцэтгэсэн.
Талбайн зочдын гоол чөлөөт цохилтоос орсон билээ. Багийн ахлагч Прак Удом цохилтын өндөр техниктэйгээ харуулж 25 орчим метрээс чөлөөт цохилтыг ганган гүйцэтгэсэн.
Ерөнхийдөө талбайн зочдын талбайн төв дэх бөмбөг барилт талбайн эздийн хамгаалалтыг сандаргасан цөөхөн хэдэн довтолгоо хийсэн бөгөөд тэр довтолгоонуудыг удаа дараа хаалгач Ариунболд хааж байсан юм.
Тоглолтын төгсгөлд талбайн эзэд тооны зөрүүг холдуулах хэд хэдэн боломжийг алдсан. Урагшаа довтолгоондоо улайрсан учраас хамгаалалтын бүсэд их зай үүсч үүний улмаас Эрчимийнхэн аюултай сөрөг довтолгоонууд хийж байлаа. Ялангуяа Серб легионер Милан хэд хэдэн сайхан боломж алдсан.
Шигтгээ
Соёл-Эрдэнийн Гал-Эрдэнэ. 1996 онд төрсөн энэ хүү уг тоглолтын гол баатар байлаа.
Өнгөрсөн жилээс үндэсний лигийн тэмцээнд тоглож эхэлсэн тэрбээр энэ жил клүбтээ гарааны эрхийг баттай авчээ.
Тэмцээний өмнөх хяналтын тоглолтууд дээр баруун жигүүрийн довтолгооны хагас хамгаалагчаар тоглож байсан Гал-Эрдэнэ хэсгийн эхний тоглолтын нууц зэвсэг нь байлаа.
Өндөр техниктэй, бөмбөгний төлөө сайн тэмцэлддэг, хурдтай, довтолгооны төгсгөл сайтаа С.Гал-Эрдэнэ гэдэг хүү Олон улсын тэмцээнд талбай дээрээ дубль хийсэн анхны тоглогч боллоо.
Биеэ тоолгүй, бэлтгэлдээ анхаарч, хандлага нь зөв байвал түүнийг их ирээдүй хүлээж байна, амжилт хүсье С.Гал-Эрдэнэ ээ.
Төгсгөлд,
Монголын талбайд зохион байгуулагдаж буй клүбүүдийн анхын олон улсын тэмцээнд талбайн эзэн багийн төлөөлөл Эрчим клүб амжилттай оролцож буйд таатай байна. Камбожийн лигийн аварга Свей Ринги клүбийг хожсоноор Эрчим клүб “Ерөнхийлөгчийн цом”-ын сүүлийн шатанд хоёр дахь жилдээ дарааллан шалгарлаа.
Тэд хэсгийн сүүлийн тоглолтоо Непалийн аварга Мананг Маршианди клүбтэй тоглож хэсгээсээ нэгээр гарах уу, хоёроор гарах уу гэдгээ шийднэ. Өмнөх жилийн тэмцээнд Непалийн аварга Три-Стар клүбтэй хоёр тоглож нэг тэнцэж, нэг хожигдсон. Мөн Монголын шигшээ баг тэртээ 2005 онд Непалийн шигшээтэй талбайд нь тоглож 0-0 тэнцэж байсан билээ.
Хэрвээ Эрчим клүб талбай дээрх давуу байдлаа ашиглаж Мананг Маршиандиг хожвол монголын хөлбөмбөгчид непалчуудыг анх удаа хөлбөмбөгөөр хожих нь ээ.
За ингээд Монголын хөлбөмбөгийн хөгжлийг тодорхойлж буй Эрчим клүбийнхэндээ дараа дараагийн тоглолтонд нь амжилт хүсье. Өмнөх жил үзүүлсэн амжилтаа бататгаж, ахиулаарай!
Энэхүү нийтлэлийг бичсэн Д.Батцэнгэл нь CSPORTS.mn сайтыг хамтран үүсгэн байгуулсан бөгөөд 2010 оны 3-р сараас хойш нийтлэл бичиж байгаа юм. Үүнээс гадна тэрээр SportBox, Боловсрол ТВ-д харьяалагдан, Английн Премьер лиг, Италийн Сери А-ийн тоглолтуудыг Монголын үзэгчдэд тайлбарлан хүргэдэг. Арсенал клубын хөгжөөн дэмжигч.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!