Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/04-НД НИЙТЛЭГДСЭН

Байрны зээлээ найман хувийн зээлд шилжүүлэх боломжтой

Ж.Отгонмягмар
2014 оны 3 сарын 4
Монголын мэдээ
Зураг зураг

Иргэд сар бүр төлдөг өндөр хүүтэй байрны зээлээ жилийн найман хувийн зээлд шилжүүлэх боломжтой болсон талаар ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтсийн дарга Ч.Батбаатараас тодрууллаа.

-Иргэд сарын 1.5 хувийн хүүтэй байрны зээлээ жилийн найман хувийн зээлд шилжүүлэх боломж бүрдэж байгаа гэсэн. Энэ талаар тодруулаач?

-Шинээр ашиглалтад орж байгаа орон сууцанд ам.метрийн шалгалтыг бид хийж байгаа. Гэтэл уг асуудалтай холбоотойгоор нэг асуудал үүссэн. Тодруулбал, орон сууцны ам.метрийн асуудлаас болоод иргэдийн  орон сууцны ипотекийн зээлд хамрагдах эрх нь хаагдаад байсан. 

Тухайн иргэний байр 81 ам.метр талбайтай биш. Шалгалтаар 76 ам.метр болох нь тогтоогдвол банкууд зээлийн зориулалтыг нь өөрчлөөд жилийн 8 хувийн зээлд шилжүүлж өгч байгаа. 

Учир нь 80 ам.метрээс доош бол жилийн найман хувийн зээлд хамрагдах ёстой. Гэтэл тухайн иргэн 81 ам.метр талбайтай орон сууц авах гэхээр уг зээлд хамрагдах боломжгүй болж байгаа юм. Тиймээс тухайн байрны ам.метрт шалгалт хийгээд ШӨХТГ-аас банкууд руу “Тухайн иргэний байр 81 ам.метр талбайтай биш. Шалгалтаар 76 ам.метр болох нь тогтоогдлоо” гэсэн албан бичгийг өгч байна. Тиймээс тухайн банкууд буцаагаад зээлийн зориулалтыг нь өөрчлөөд жилийн найман хувийн зээлд шилжүүлж өгч байгаа. 

-Тэгвэл тухайн орон сууцыг эзэмшигч иргэн Үл хөдлөх хөрөнгийн газарт очиж, дахин гэрчилгээгээ авах уу?

-Шалгалтаар ам.метр нь өөрчлөгдсөн бол мэдээж Үл хөдлөх хөрөнгийн газарт очиж, дахин шинэ гэрчилгээ авах шаардлагатай. Тиймээс иргэд орон сууцныхаа талбайг шинээр тогтоосон байрны гэрчилгээгээ өөрийн конторт авч очоод шинэ хэмжээгээрээ дулаан болон байрны мөнгөө төлөх боломжтой юм. 

Бараг ихэнх иргэд орон сууцанд орохдоо зээлээр орж байна. Гэтэл ам.метр нь 10-аар зөрөхөд л одоогийн ханшаар 20 сая төгрөгийн алдагдалд орж байгаа юм. 

Энэ зөрж буй мөнгийг тухайн иргэн 15 жилийн хугацаанд төлнө. Түүнчлэн тухайн байрандаа насан туршдаа амьдарна гэж бодвол насаараа тухайн иргэн 10 ам.метрийн мөнгө илүү төлнө. Цаашлаад үр хүүхэд нь амьдрах бол мөн л үргэлжлүүлээд насан туршдаа илүү мөнгө төлөөд амьдрах болно. 

Ер нь талбайн зөрүү, иргэдэд үзүүлж байгаа энэ их мөнгөний асуудлын эх үүсвэр нь шинэ орон сууцыг хүлээн авч байгаа Улсын комиссын хариуцлагагүй үйлдэл юм.

Өөрөөр хэлбэл, Улсын комисс дөрвөн ханатай гэр гэж хүлээн авсан учир иргэд итгээд дөрвөн ханатай гэр гээд мөнгөө төлөөд худалдан авдаг. Гэтэл хэрэг дээрээ нөгөө гэр нь гурван ханатай байгаатай яг адил асуудал үүсээд байгаа. 

-Иргэд орон сууцны талбайн зөрүүний асуудлаар танайд хэр их хандаж байгаа вэ?

-Сүүлийн үед иргэд маш олноороо хандаж байгаа. Тухайлбал, зарим иргэд байрны зээлд хамрагдах гээд үнийн дүнгийн 90 хувийг нь төлчихөөд байр нь ашиглалтад орох үед үлдсэн 10 хувиа төлөх хугацаандаа ам.метрийг нь хэмжүүлэхэд бага болж тогтоогдсон бол тухайн иргэнд дахиад өөр шинэ боломж бүрдэж байгаа.

Жилийн найман хувийн хүүтэй зээлд хамрагдаж чадаагүй иргэд сарын 1.5 хувийн хүүтэй зээлд хамрагдаж байгаа. Энэ нь маш өндөр хүү гэдгийг хүн бүхэн мэдэж байгаа байх. Тухайлбал, бүтэн жилийн хүү нь гэхэд л 25-26  хувь болно гэсэн үг. Тиймээс иргэд байрныхаа талбайг заавал хэмжүүлэх хэрэгтэй. Хэрэв асуудалтай бол манайд хандаад асуудлаа шийдүүлэх бүрэн боломж байгааг дуулгамаар байна.  

-Захиалсан орон сууц нь ашиглалтад ороход иргэдэд талбай нь хэмжээндээ хүрч байгаа эсэхийг хэмжиж өгдөг байгууллагууд бий юу? 

-Иргэд өөрсдөө орон сууцных нь талбай дутуу байгааг нүдээр хараад мэдэхгүй. Тиймээс мэргэжлийн байгууллагуудаар хэмжүүлэх хэрэгтэй. Орон сууцны талбайг хэмждэг 140 орчим төрийн бус байгууллага манайд бүртгэлтэй байдаг. Тиймээс иргэд тэдгээр байгуул­лагуудад хандаад, талбайгаа үнэн зөв тогтоолгоод зөрүүтэй гарсан тохиолдолд манай байгууллагад хандаж болно. 

-Танай байгууллагад ханда­хад ямар нэгэн бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай юу? 

-Мэргэжлийн байгууллагаар хэмжүүлээд, талбай нь зөрүүтэй гарсан бол өөр ямар нэгэн нэмэлт бичиг баримт бүрдүүлэх шаардлагагүй. Бид тухайн иргэдийг хохиролгүй болгож өгнө. Өөрөөр хэлбэл, барилгын компаниудаас талбайн зөрүү мөнгийг нь буцаан олгуулах болно. Эсвэл үлдсэн төлбөрөөс нь суутгуулах зэрэг арга хэмжээ авна.

Зураг
Зураг
13 | 12 | 11 цаг