Б.Өлзийбат: Хуулиар хамгаалагдаагүй нөхцөлд хэн ч шүгэл үлээхгүй
Шүгэл үлээгчийг хамгаалах тухай анхдагч хуулийн төслийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэж батлахыг шаардаж "Зөвийг Шүгэлдэгчид" НҮТББ, Монголын барилгачдын нэгдсэн холбооны төлөөлөл хамтран хэвлэлийн хурал зохион байгууллаа.
"Шүгэл үлээгээд нухчин даруулж, нийгмээрээ чичлүүлдэг нэг хэсэг байна"
Монголын барилгачдын нэгдсэн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Өлзийбат хэлэхдээ "Нийгэм шударга дуу хоолойг хүсэж байна. Шударга бус зүйлсийн эсрэг дуугарах боломжийг Шүгэл үлээгчийг хамгаалах хууль гаргаж өгдөг.
Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль одоог хүртэл батлагдахгүй явна. Иймд Н.Учралын Засгийн газарт шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг яаралтай УИХ-аар оруулж, энэ асуудлыг шийдэх шаардлагыг хүргүүлж байгаа.
Барилгын салбар авлигад живсэн гэдгийг салбарынхан тэр аяараа хэлдэг. Эгэл жирийн ажилчид тэмцдэг ч хамгаалах хууль нь байдаггүй.
Шүгэл үлээж, нийгэмд дуу хоолойгоо хэлснийхээ төлөө иргэний эрх зүйн боломж муудаж болохгүй. Хамгаалагдаагүй байгаа нөхцөлд хэн ч шүгэл үлээхгүй.
Өнөөдөр Монголд хоёр төрлийн шүгэл үлээгч байгаа. Шүгэл үлээгээд нухчин даруулж, нийгмээрээ чичлүүлдэг нэг хэсэг эсвэл дарга сайд албан тушаалтнуудын өмнөөс гарч ирж дуугарч дараа нь албан тушаалд дэвшдэг ийм хоёр сонголт байгаа.
Яагаад нийгэмд шударга ёс хэрэгжихгүй, тэгш бус байдал их байгаа вэ гэвэл шүгэл үлээгчдээ хамгаалдаг хууль эрх зүйн орчин байхгүй. Иймд өнөөдөр Шүгэл үлээгчийн тухай хуулийг баталснаар салбар салбарт авлигагүй байх боломжтой.
Олон улсын байгууллагууд Монголын Засгийн газарт үеийн үед зөвлөмж өгсөөр ирсэн. Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль байхгүйгээр хэн ч шүгэл үлээх боломжгүй. Үлээж байгаа шүгэл ч амжилтад хүрэхгүй" гэдгийг хэллээ.
"Шүгэл үлээгчийн тухай хууль хамгийн их гацдаг"
"Зөвийг шүгэлдэгчид" ТББ тэргүүн Г.Эрдэнэзул “Шүгэл үлээгчийн тухай хууль хамгийн их гацдаг. 2022 он, 2023 он гэх мэтчилэн сүүлдээ түүх бичиж байгаа юм шиг их цаг хугацааг өнгөрүүлж байна.
Яагаад Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийг батлахгүй байна вэ гэдгийг бүгд бодно уу. Цаана нь ямар нэгэн эрх ашиг л байгаа байх. Иргэд шүгэл үлээгээд эхэлбэл хэний эрх ашиг илүү хөндөгдөх вэ гэдгээс магадгүй улс төрчид айж байгаа ч юм билүү” гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!


