"ХАА салбарт олон хөтөлбөрүүдээр зээл гардаг ч улс төр, мэдээлэлд ойрхон хүмүүс иргэдийн идэх талх, махны мөнгийг хулгайлсан байна"

М.Батчимэг, ikon.mn
9 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын Ерөнхий хяналтын сонсгол" өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжлэх байсан ч ирц хүрээгүйн улмаас цуцлагдлаа. 

Уг сонсголоор сүүлийн 18 жилийн хугацаанд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд зарцуулсан санхүүжилт буюу татвар төлөгчдийн мөнгийг хэрхэн үр дүнтэй зарцуулсан, салбарын нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал зэргийг сонсох байсан юм. 

Өнөөдрийн сонсголоор сонсох байсан 4.4 их наяд төгрөгийн санхүүжилтийг: 

  • Хоёр өөр эзэмшилтэй нэг компани дундаа нэг таслалтай, эсвэл зай аваад зээл авсан байна. 
  • Нэг регистртэй ч хоёр өөр компанийн нэршлээр зээл авсан байна. 
  • Хадгаламждаа зээлийн мөнгийг байршуулж аваад бэлнээр гаргаж авсан байна. 
  • Зээлийг зориулалтын дагуу зарцуулсан эсэхэд хяналт шалгалт хийхэд хашаандаа хуучин тоног төхөөрөмж, зарим нэгэн төхөөрөмж нь байхгүй, үнийн дүн зах зээлээс буурсан үнэлгээтэй тоног төхөөрөмжийг үзүүлж байсан зэрэг ноцтой зөрчлүүд илэрсэн байна.  

Ажлын хэсгийн гишүүд үргэлжлүүлэн өнөөдөр хэлэлцэж амжаагүй 4.4 их наяд төгрөгийг яг юунд зарцуулсан бэ гэдгийг ил тод болгох үүднээс хянан шалгах түр хороог байгуулахаар болсон байна. Улмаар намрын чуулганаар амжиж батлуулна гэв. 

Учир нь сонсголд ирүүлэх ёстой байсан материалын 63 хувийг ирүүлээгүй холбогдох албаныхнаас ирүүлээгүй бөгөөд Хянан шалгах түр хороо байгуулснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, гэрчүүдийг оролцуулдаг учир илүү үр дүнтэй болно гэж үзэж байгаа аж. 

"136 хэрэг дээр хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, зээлийн хүү болон үндсэн зээлээ хүртэл төлөөгүй байна"

Зээл төлөгдөхгүй байгаа тохиолдолд шүүхээр хэрхэн шийддэг талаар лавлахад 136 хэрэг дээр хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байжээ. Энэ нь зээлийн хүү болон үндсэн зээлээ хүртэл төлөхгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн байна гэв. 

2026 оны долдугаар сарын 30-ны байдлаар Хүнсний хангамж үндэсний хөдөлгөөн, Шинэ хоршоо чинээлэг малчин үндэсний хөдөлгөөн, Цагаан алт үндэсний хөдөлгөөн, Атар 4 аяны хүрээнд нийт 2.6 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэл байгааг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан онцоллоо. 

Жишээ нь нэг аж ахуйн нэгж 19 удаагийн үйлдлээр ₮182.9 тэрбумын зээл авсан байна. 

Бидний яагаад үнэтэй талх, мах идээд байгаагийн шалтгаан нь энд байгаа юм. ХАА салбарт маш олон хөтөлбөрүүдийг дагаад олон их наядаар санхүүжүүлэлтүүд гардаг ч улс төр, мэдээлэлд ойрхон хүмүүс ард иргэдийн идэх талх, махны мөнгийг хулгайлж байгаа тухай сонсголоор ярих байсан юм гэдгийг УИХ-ын гишүүн Г.Ганбаатар онцлов.