Энэ долоо хоногт нийт найман удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ

М.Батчимэг, ikon.mn
2 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
ОБЕГ

Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой, хээрийн гал түймрийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүнээс өнөөдөр /2026.09.17/-ийн 10:30 цагийн байдлаар нийт гурван ой, хээрийн түймрийн дуудлага мэдээллийн дагуу унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байгаа талаар мэдээллээ. 

2026 он гарсаар өнөөдөр /2026.09.17/-ийн байдлаар улсын хэмжээнд ой, хээрийн гал түймрийн нийт 153 тохиолдол бүртгэгдэж, урьдчилсан байдлаар ойн 33.229 га, хээрийн 1.125.745 га талбай нийт 1.158.974 га талбай өртөж шатсан байна.

Үүнээс 3 дугаар сараас 6 дугаар сарын 30 хүртэлх хугацаанд Монгол оронд ойн түймрийн улмаас 3.704 га, хээрийн түймэрт 914.334 га талбай, нийт 918.038 га талбай шатжээ. Намрын хуурайшилт ихтэй, хур тунадас бага байгаа энэ үед иргэд та бүхэн түймэр гарах нөхцөлийг бүрдүүлэхгүй байж, ой хээрийн түймрийн аюулаас анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлэв. 

зураг
 
ОБЕГ
Тодруулбал, Оросын холбооны улсын нутаг Монгол Улсын хилээс хоёр орчим километрийн зайд 2026.09.08-ны 21:29 цагт сансрын хиймэл дагуулын мэдээгээр илэрсэн түймэр энэ сарын 15-ны өдрийн 19:45 цагт Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумд хил давж орж ирсэн байна. Ойн түймрийг унтраахаар Онцгой байдлын ерөнхий газар, Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, Хилийн цэргийн дугаар анги, Баянзүрх, Улаан-Уул сумын мэргэжлийн анги, орон нутгийн байгаль хамгаалагч, нийт 36 алба хаагч ажиллаж байна.
Түүнчлэн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 11 дүгээр хороо, Богдхан уулын Төр хурахын ам, “Их Халзангийн-Энгэр” гэдэг газар ой гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 09.16-ны өдрийн 13:15 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтийн ГТУА 63, 35 дугаар анги, Нийслэлийн аврах анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ГТУА14 дүгээр анги, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ГТУА 28 дугаар ангийн алба хаагчид, Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны албан хаагч нийт 66 алба хаагч гал түймрийн унтраах ажиллагааг зохион байгуулан 2026.09.16-ны 18:15 цагт цурамд оруулан, бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт 6 га орчим талбай өртөж шатсан байна.
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум Хонгор 4 дүгээр баг "Улаан хонхор" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 200 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 20 км/-т, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2026.09.17-ны өдрийн 07:20 цагт хүлээн авсан. Уг түймрийн урт нь 3км, өргөн 500 метр тархсан, түймрийг 10:43 цагт цурамд оруулсан бөгөөд бүрэн унтаарахаар нутгийн иргэд, Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн нийт 19 иргэн, алба хаагчид ажиллаж байна.

Түймрийн эрсдэл өндөртэй энэ цаг үед иргэн бүр хариуцлагатай байж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж байгаль дэлхийгээ хамгаалахыг сануулав.

  • Ой, хээрт зорчихдоо асаасан гал, чүдэнз, татсан тамхины гал, цог, түүдэг гал, үнс нурмыг бүрэн унтраах,
  • Халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах,
  • Айл өрхүүд хог, өвсийг ил задгай шатаахгүй байх,
  • Шашны зан үйл хийхдээ арц, хүж, зул, асааж орхихгүй байх,
  • Түймрийн аюултай улиралд хог, хаягдлыг зөөж тээвэрлэх, хаяхдаа гал түймрийн аюулгүй байдлыг хангаж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.