Эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил сүүлийн гурван жилд өсжээ
Эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой хориглосон 30 гаруй үйлдэл, эс үйлдэхүйг Зөрчлийн тухай хуульд хуульчилснаас энэ оны есдүгээр сарын 15-ны өдрийн байдлаар 71 зөрчил бүртгэгдэж, прокуророос хяналт тавьсан байна.
Тодруулбал Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлд заасан “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль зөрчих” зөрчил, 6.4 дүгээр зүйлд заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль зөрчих” зөрчилд нийт 71 иргэн, хуулийн этгээдийг холбогдуулан зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явуулсны 39 нь нийслэлийн нутаг дэвсгэрт, 32 нь орон нутагт шалгагджээ.
Эм, бэлдмэлийн нэр, төрөл жил бүр нэмэгдэхийн хэрээр эдгээртэй холбоотой харилцааг зохицуулсан хууль тогтоомжийг зөрчих зөрчил нэмэгдэж байна.
Зөрчил үйлдсэн иргэн, хуулийн этгээдэд оногдуулсан торгох шийтгэлийн биелэлтийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтан хариуцдаг бөгөөд торгох шийтгэлийг биелүүлээгүй тохиолдолд түүнийг өөр төрлийн шийтгэлээр солиулах саналаа шүүхэд гаргаж шийдвэрлүүлдэг хуулийн зохицуулалттай.
Эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчилд эм зүйч, жор баригч, эмчээс гадна энэ салбарт шаардлагатай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, худалдаж, нийлүүлдэг хүн, хуулийн этгээд холбогдон шалгагдах тохиолдлууд бүртгэгджээ. Үүний зарим шалтгаан нь салбарын харилцааг зохицуулсан хууль тогтоомжийн талаар хангалттай мэдээлэл аваагүйтэй холбоотой байгааг Улсын Ерөнхий Прокурорын Газраас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

