М.Цолмон: E, С зөвшөөрөл аваагүй ачааны автомашинуудад есдүгээр сарын 12-ноос торгууль ногдуулж эхэлнэ

Д.Янжиндулам, ikon.mn
46 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэл хотын хязгаарлалттай, хориглосон гудамж замаар ачааны автомашин нэвтрүүлэх зөвшөөрлийг аваагүй тохиолдолд торгодог болох зохицуулалтыг маргаашаас(2026.09.12) хэрэгжүүлэхээр болжээ.

Энэ тухай Нийтийн Тээврийн Бодлогын Газрын логистикийн төлөвлөлт, судалгааны ажилтан М.Цолмон "Нийслэл хот дотор тээвэрлэлт хийж буй ачааны автомашинд E, С түр замын хуудас олгодог.

E, С замын хуудас аваагүй тохиолдолд есдүгээр сарын 12-ноос эхлэн зөрчлийн автоматжуулалтын системээр торгууль оноодог болох гэж байна.

Иргэд болон аж ахуйн нэгжүүд Нийслэлийн тээврийн газрын Цахим замын хуудсын системд бүртгүүлж, шаардлагатай бичиг баримт (гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, зураг гэх мэт) болон тайлангаа илгээн цахимаар авна. Гэрэгэ киоск машинуудаас авч болно.

E, С замын хуудсыг жилд хоёр удаа олгодог бөгөөд тээврийн хэрэгслийн ангиллаас шалтгаалж 10,000, 15,000, 20,000 төгрөгийн үнэтэй" болохыг мэдээллээ.

Ачааны автомашинаар ажил гүйцэтгэдэг иргэн, ААН-үүд уг зөвшөөрлийг авч тодорхой цаг, заасан маршрутын дагуу хөдөлгөөнд оролцох эрхтэй болдог аж.

E, С эсвэл Түр замын хуудасгүйгээр хязгаарласан бүс рүү нэвтэрсэн тохиолдолд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 57 дахь хэсэгт зааснаар хариуцлага тооцдог байна.

Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 57 дахь хэсэгт:

Замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг зохицуулах зорилгоор аймаг, нийслэлийн Засаг даргаас харьяа нутаг дэвсгэртээ Монгол Улсын хууль тогтоомж, Замын хөдөлгөөний дүрэмд нийцүүлэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно хэмээн заажээ.