Монгол, Монтенегрогийн бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагааны сууриа тавилаа
Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичийн Монгол Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.
Төрийн айлчлалын хүрээнд Гадаад харилцааны яаманд болсон “Монгол-Монтенегрогийн дугуй ширээний бизнес уулзалт”-д 70 гаруй төлөөлөл оролцлоо.
Талууд эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, бизнес, хөрөнгө оруулалтын орчин болон худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны боломжуудын талаар мэдээлэл солилцсон юм.
Уулзалтад Ерөнхийлөгч Яков Милатович, Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр нар оролцлоо.
Ерөнхийлөгч Яков Милатович, бизнес, хувийн хэвшил хооронд бат бэх холбоо тогтоож, шинэ түншлэл, шинэ зах зээл бий болгоход хоёр улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхим хоорондын хамтын ажиллагаа чухал гэдгийг хэлэв.
Сайд Ж.Энхбаяр хэлсэн үгэндээ, худалдааны бүтцийг төрөлжүүлэх, бараа, бүтээгдэхүүнээ зах зээлд харилцан нэвтрүүлэх боломж эрэлхийлж, бизнесийн түншлэлээ идэвхжүүлэн, бодит үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Энэ уулзалт хоёр улсын найрсаг харилцааг худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулах, бизнес эрхлэгчдийн шууд харилцааг бэхжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтын шинэ боломжийг нээж, харилцан ашигтай хамтрахад чухал түлхэц болно гэдэгт талууд санал нэгдлээ гэж Ерөнхийлөгчийн Тамгын Газраас мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
