М.Энхцэцэг: Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн аукцион зарлахдаа 600 МВт гэх хүчин чадлыг нь нуусан байна
Улсын Их Хурал(УИХ)-ын гишүүн М.Энхцэцэг Эрчим Хүчний Яам(ЭХЯ)-наас зарласан говийн бүсийн сэргээгдэх эрчим хүчний аукционтой холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд өрсөлдөөнт сонгон шалгаруулалтыг зохион байгуулахдаа хүчин чадлыг заавал дурдана гэсэн байдгийг зөрчиж, хүчин чадлыг нуусан, мэдээллийг хүртээмжтэй тараагаагүй гэх зэргээр уг үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн М.Энхцэцэг "Монгол Улсын эрчим хүчний хараат байдлыг нэмэгдүүлэх, тусгаар тогтнол, аюулгүй байдалд нөлөөлөх том хүчин чадлын буюу 600 МВт-ын сэргээгдэх эрчим хүчний өрсөлдөөнт сонгон шалгаруулалтыг нууц байдлаар зарлажээ.
Нэгдүгээрт Эрчим хүчний аливаа эх үүсвэр нь ЭХЯ-ны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн хурлаар тооцоо судалгаа нь орж, Техник, Эдийн Засгийн Үндэслэл(ТЭЗҮ) нь батлагддаг. Гэтэл энэ эх үүсвэр дээр ямар ч ТЭЗҮ алга.
Хоёрдугаарт зөвхөн өөрийн вебсайтаа тавьсан. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, яамны цахим хуудсанд ч тавихгүйгээр энэ долоо хоногийн Баасан гарагт сонгон шалгаруулах гэж байна.
Том чадлын буюу 600 МВт-ын нар, салхины станц нь яагаад эрчим хүчний хараат байдлыг нэмэгдүүлэх эрсдэлтэй, тусгаар тогтнолд аюултай вэ гэхээр эдгээр нь Оюутолгойг дотоодоосоо цахилгаанаар хангах зорилготой. Гэхдээ сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд нь нар, салхигүй бол эрчим хүч үйлдвэрлэхгүй тул Оюутолгойг найдвартай эрчим хүчээр хангаж чадахгүй. Энэ тохиолдолд Хятадын эрчим хүчний системтэй холбогдохоос аргагүйд хүргэнэ. Үүнээс улбаалан Оюутолгой, түүний ойр орчмын уул уурхайн компаниуд Өмнөговь, Дорноговь, Багануур, Чойр гээд зүүн бүсийн аймгууд Хятадын эрчим хүчний системээс бүрэн хараат байдалд орно" гэв.
Мөн тэрбээр "Аливаа төслийг эсэргүүцэж байгаа юм биш. Бид ямар төрлийн эх үүсвэр барих вэ гэдэг дээрээ онцгойлон анхаарах ёстой. Зарим төрлийн эх үүсвэр нь эрчим хүчний тогтвортой байдлыг бууруулж, хараат байдлыг нэмдэг гэдгийг ойлгоосой гэж хүсэж байна. Сэргээгдэх эрчим хүчийг дэмжинэ. Айл өрх, аж ахуйн нэгж, аймаг, сумын төвүүд нарны хавтан ашиглаж, эрчим хүчний найдвартай дээшлүүлж, илүү гарснаа түгээх сүлжээнд нийлүүлж орлого олох боломжтой болсон. Энэ мэтчилэн өөрсдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн тодорхой хэмжээгээр жижиг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг бий болгох нь тохиромжтой" хэмээн нэмж хэллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
