Дамбадаржаа ДЦС-ын барилга угсралтын ажлын явц 70 хувьд хүрчээ
63 МВт хүчин чадалтай Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувьд хүрчээ.
Энэ тухай Дамбадаржаа дулааны станц төслийн Дулаан хангамжийн инженер Г.Цэнд “Өнөөдрийн байдлаар гурван зуухны үндсэн барилга, тоног төхөөрөмж, металл хийц, нүүрсний агуулах, туузан дамжуулга, уутат шүүлтүүр, яндан болон бусад туслах байгууламжийн угсралтын ажил үргэлжилж байна.
Барилгын ерөнхий гүйцэтгэгч “Хятадын Хоёрдугаар металлурги групп корпорац” компанийн 150 инженер, техникийн ажилтан ажиллаж байна” гэв.
Хотын даргын мэдээлснээр 2027 оноос өмнө буюу арванхоёрдугаар сарын сүүлчээр станцын эхний туршилт тохируулгыг хийж дуусгахаар төлөвлөжээ.
Станц бүрэн ашиглалтад орсноор Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийн 5,000 орчим өрхийг найдвартай дулаанаар хангах боломж бүрдэх бөгөөд Сэлбэ хотын 77 блок барилгын ажил дууссаны дараа шинэ хэрэглэгчдийг дулаан хангамжийн системд холбоно.
Мөн нийслэлийн дулаан хангамжийн хүчин чадлыг нэмэгдүүлж, өвлийн оргил ачааллын үед үүсдэг дулааны хэрэглээний хязгаарлалтыг бууруулах юм байна.
ДЦС барих төслийг Азийн Хөгжлийн Банк болон Нийслэлийн Засаг даргын Тамгын Газар хамтран хэрэгжүүлж буй аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
