Өмнөд Солонгосын хөрөнгөтнүүдийн дунд цалин хангамжаасаа татгалзах санаачилга үргэлжилж байна
Сүүлийн жилүүдэд Өмнөд Солонгосын хөрөнгөтнүүд өөрт нь болон компанид нь чиглэсэн олон нийтийн шүүмжлэл, бухимдлыг намжаахын тулд цалин хангамжаасаа татгалздаг болоод байгаа.
Анх 2017 онд тус улсын ерөнхийлөгч асан Пак Гын Хетэй холбоотой улс төрийн дуулианы улмаас шоронд хоригдож байсан Самсунг Электрониксийн ерөнхийлөгч И Жэ Ён цалингаасаа татгалзах шийдвэрийг зарлаж байв.
Дараа нь 2021 онд SK Группийн ерөнхийлөгч Чэй Тэ Вон өмнөх нэг жилийн хугацаанд авсан цалин хангамжаа бүрэн буцааж төлөх шийдвэр гаргасан нь тус группийн хагас дамжуулагч үйлдвэрлэлийн SK Hynix компанийн ажилчид үр дүнд суурилсан урамшууллын хэмжээтэй холбоотой гомдол гаргаснаас болсон юм.
2022 онд зарим захирлууд эзэмшлийн хувьцаагаа зарж, ханшийг нь унагасантай холбоотой шүүмжлэлийн улмаас Какао компанийн удирдлагууд цалингаасаа татгалзаж байжээ.
Тэгвэл хамгийн сүүлд Hanwha Группийн ерөнхийлөгч Ким Сюн Юн, SK Networks компанийн хүндэт ерөнхийлөгч Чой Шин Вон нар энэ сараас эхлэн цалингүй ажиллах шийдвэрээ зарласан байна.
Тухайлбал Ким Сюн Юн энэ сараас эхлэн тус группийн эрчим хүчний салбар Hanwha Solutions компаниас авдаг жилийн 5 тэрбум воны ($3.4 сая) цалингаасаа татгалзахаар болжээ. Группийн бусад компаниуд өнгөрсөн онд түүнд нийтдээ 20 тэрбум воны цалин өгсөн юм байна.
Ким зарим цалингаасаа татгалзах болсон шалтгаан нь Hanwha Solutions компани өнгөрсөн гуравдугаар сард 2.4 их наяд воны санхүүжилт босгохын тулд нэмэлт хувьцаа гаргах шийдвэр зарласантай холбоотой юм.
Уг төлөвлөгөөг нь жижиг хувьцаа эзэмшигчид, улс төрчид нэлээд шүүмжилснээс гадна Өмнөд Солонгосын санхүүгийн зохицуулах дээд байгууллага зөвшөөрөл өгөөгүй.
Одоо тус компани санхүүгийн зохицуулах байгууллагын тавьсан шаардлагад төлөвлөгөөгөө нийцүүлэн өөрчлөхөөр ажиллаж байгаа.
Цалингаасаа татгалзаж буй нөгөө нэг хөрөнгөтөн Чой Шин Воны хувьд дөрөвдүгээр сарын 3-ны өдөр SK Networks компанийн хүндэт ерөнхийлөгчийн албан тушаалд томилогдсон юм.
Тэрбээр албан тушаалын гэмт хэргийн улмаас шоронд хоригдож байгаад өнгөрсөн оны наймдугаар сард тус улсын ерөнхийлөгч И Жэ Мюний тусгай өршөөлөөр суллагдаж байжээ.
Түүнийг өндөр албан тушаалд буцаан томилсон нь компанийн нэр хүндэд муугаар нөлөөлж, хөрөнгө оруулагчид эсэргүүцэл илэрхийлж байв.
Гэсэн хэдий ч дөрөвдүгээр сарын 23-нд гаргасан мэдэгдэлдээ SK Networks компани Чой Шин Вон компани болон нийгмийн сайн сайхны төлөө цалин хангамжгүй хүчин зүтгэх болсныг зарлажээ.
Эх сурвалж: Korea Times
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
