Уншиж байна ...

Интернэтийг шуугиулж буй монштой зүй бус харьцаж байгааг амьтны эрхийг хамгаалах байгууллага шүүмжлэв

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 цаг 48 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Интернэтийг шуугиулж буй Японы амьтны хүрээлэнгийн сармагчны моншийн талаар амьтны эрхийг хамгаалах байгууллага өчигдөр мэдэгдэл гаргажээ.

Токио хотын ойролцоох Ичикава хотын амьтны хүрээлэнд амьдардаг энэхүү монш нь эхдээ гологдсоны дараа бусад сармагчнуудад дээрэлхүүлж, орангутанг мичний дүрстэй чихмэл тоглоомтой нөхөрлөж буйг харуулсан дүрс бичлэг, гэрэл зургууд дэлхий даяар тарж, олон сая хүний анхаарлыг татаж байгаа.

“Амьтны хүрээлэн бол дархан цаазат газар биш. Энэ бол амьтдыг хорьж, бие даасан байдлыг нь алдагдуулж, зэрлэг байгальд амьдрах чадваргүй болгодог газар. Зарим хүмүүсийн хөөрхөн гэж өхөөрдөж буй зүйл бол үнэндээ тусгаарлагдаж, ганцаардсан бяцхан сармагчны үзэж буй зовлонгийн нэг хэсэг юм” гэж амьтадтай ёс зүйтэй харьцахыг сурталчилдаг PETA байгууллагын Азийн бүсийн захирал Жэйсон Бейкэр мэдэгджээ.

Тэрбээр “Ийм байгууламжууд амьтдыг сонирхол татахуйц үзмэр гэж үзэхээ болих хүртэл Панч шиг амьтад торны цаана зовсоор байх болно” гэж хэлээд Панчийг “зэрлэг байгальд амьдрах боломж олгох нэр хүндтэй дархан цаазат газарт” нүүлгэхийг уриалсан байна.

Долдугаар сард төрсөн Панч эхдээ гологдсоны дараа тусгай орчинд өсөж байсан бөгөөд өнгөрсөн сараас эхлэн хүрээлэнгийн бусад макака сармагчнуудтай хамт амьдрахаар бэлтгэгдэж эхэлжээ.

Түүний энэ оролдлого онлайн орчинд маш олон хүний анхаарлыг татаж, #HangInTherePunch гэсэн хаштаг доор үнэнч хөгжөөн дэмжигчдийг бий болгосон юм.

Мөн тус амьтны хүрээлэнг зорих хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн байна.

Үүнтэй зэрэгцэн Панчийн хань болж буй улбар шар орангутангийн чихмэл тоглоомыг үйлдвэрлэсэн Шведийн тавилгын компани IKEA уг бүтээгдэхүүн нь ер бусын өндөр эрэлттэй зарагдаж байгааг мэдээлсэн юм.

“Уг тоглоом Япон, АНУ зэрэг зарим зах зээлд борлогдон дуусаж, нөөцгүй болсон” гэж тус компанийн дэлгүүрүүдийг удирддаг Ingka Group мэдэгджээ.

Өнгөрсөн долоо хоногийн урт амралтын өдрүүдэд Панчийг харах гэсэн хүмүүс нэг цаг дугаарлан хүлээсэн, зөвхөн Даваа гарагт 5,000 гаруй хүн үзсэн тухай Ичикавагийн амьтны хүрээлэн сошиал хуудсаараа мэдээлсэн байна.

Тус хүрээлэн сармагчнуудын сэтгэл зүйн дарамтыг багасгахын тулд торыг нь тойруулан “хориотой бүс” бий болгосон гэнэ.

Ням гарагт амьтны хүрээлэнгийн захиргаа Панчийн нөхцөл байдлын талаар сүүлийн үеийн мэдээлэл өгөхдөө түүнийг “хоёр сармагчнаар халамжлуулдаг болж, сүрэгт аажмаар дасан зохицож эхэлсэн” гэжээ.

 

Эх сурвалж: AFP