Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цасны зузаан, нягт болон агаарын температурын олон жилийн дундажтай харьцуулсан мэдээлэлд үндэслэн зудын байдлыг үнэлэхэд 11 аймгийн 56 сумын нутаг цагаан зудтай, 15 аймгийн 56 сумын нутаг цагаанаар зудархуу нөхцөлтэй байгаа талаар цаг уурын байгууллагаас мэдээллээ.
Цагаан зуд
Намар, өвөл, хаврын цагт их хэмжээний цас орж бэлчээр цас хучигдсанаас мал бэлчээрээс өвс олж идэх боломжгүй болно. Ердийн зуншлагатай жилд зонхилох бэлчээрийг бүрхсэн дунд зэргийн нягтралтай цасны дундаж зузаан хангайн бүсэд 2-15см хээрийн бүсэд 8-10см говийн бүсэд 5-6см болоход мал бэлчээрээс өвс олж идэхэд хүнд болдог байна.
Цаг агаарын нөхцөлийн онцлог
- Өнгөрсөн арав хоногт агаарын температур баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр дунджаас -1.1...-2.2 градусаар хүйтэн, төвийн аймгуудын өмнө болон говийн аймгуудын нутгийн ихэнх хэсгээр 1.1...5.9 градус дулаан бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас нийт нутгаар дунджийн орчим ба түүнээс бага орсон байна.
- Архангай, Өвөрхангайн ихэнх, Дундговийн зарим сумдын нутгаар өдөртөө 0-7 градусаар дулаарч цасан бүрхүүл хайлж багассан байна.
- Салхины хурд тал хээр болон говийн нутгаар түр зуур 16-24 м/с буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.
- Цас болон хүйтрэлтийн улмаас малын бэлчээрлэлт Увсын Ховд, Түргэн, Цагаанхайрхан, Хяргас, Хөвсгөлийн Цагааннуур,, Өвөрхангайн Баянгол, Сант, Зүүнбаян-Улаан сумдын нутгаар 7-10 хоногоор хүндэрсэн бол Сэлэнгийн Цагааннуур, Баруунбүрэн, Ерөө, Орхонтуул, Баянгол, Төвийн Угтаалцайдам, Дундговийн Эрдэнэдалай, Адаацаг сумдын нутгаар 2-10 хоногоор саатсан байна.
- МАА-н үйлдвэрлэлд малд нэмэгдэл тэжээл өгөх, хужир шүү бэлтгэх, мал оторлох зэрэг ажлууд хийгдэж байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!