Уншиж байна ...

Норвегийн биатлонч олимпоос медаль авсныхаа дараа найз бүсгүйгээ хуурсандаа уучлалт гуйв

Э.Тэмүүлэн, iKon.mn
51 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Норвегийн биатлонч Струла Холм Легрейд олимпоос хүрэл медаль авсныхаа дараа найз бүсгүйгээсээ уучлалт гуйжээ.

Өчигдөр өндөрлөсөн олимпын биатлоны 20 км зайн хувийн уралдаанд 52:19.8 минутын амжилт үзүүлж, хүрэл медаль хүртсэн Норвегийн биатлонч Струла Холм Легрейд тэмцээний дараа орон нутгийн төв телевиз болох NRK-д өгсөн ярилцлагынхаа үеэр найз охиноо хуурснаа хүлээж, уучлалт гуйсан нь олны анхаарлыг татав.

Дөрвөн жилийн өмнө буухиа төрлөөр олимпын алтан медаль хүртэж байсан 28 настай норвеги эр "Зургаан сарын өмнө би амьдралынхаа хайрыг, энэ дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй, сайхан сэтгэлтэй бүсгүйтэй учирсан. Харин гурван сарын өмнө түүнийгээ хуурч, маш том алдаа гаргасан.

Сүүлийн хэдэн өдөр спорт миний хувьд чухал зүйл биш байлаа. Олимпоос медаль хүртсэн энэ баярт мөчөө түүнтэйгээ хуваалцахыг хүсэж байна" гэж ярьжээ.

Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ээс 14 медаль хүртсэн С.Легрейд үүнийхээ дараа Норвегийн "VG" сонинд өгсөн ярилцлагадаа "Энэ алдаагаа залруулах цор ганц боломж нь бүх үнэнийг ил гаргах гэж бодсон учраас олон нийтэд дэлгэлээ. Түүнийгээ одоо ч надад сэтгэлтэй хэвээр байгаа гэж найдаж байна. 

Би хүмүүст сайн үлгэр дуурайлал үзүүлэхийг хүсэж байгаа ч алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрөх ёстой" гэсэн юм.

зураг
 

Биатлоны 20 км зайн уралдаанд 28 улсын 89 тамирчин оролцсоноос Норвегийн Йохан Олав Ботн алт, Францын Эрик Перро мөнгөн медаль хүртсэн юм. 

 

Эх сурвалж: Reuters