Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран болон Эрдэнэтийн зэсийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг ард түмэнд хүртээх хэлцэлд урьдчилсан тохиролцоонд хүрсэн талууд өнөөдөр Төрийн ордонд гарын үсэг зурж, баталгаажууллаа.
Уг хэлцэлд Тавантолгойн нүүрсний бүлэг ордод үйл ажиллагаа явуулдаг “М Си Эс”, “Энержи ресурс” ХХК, “Хангад Эксплорэйшн” ХХК, Нарийнсухайтын ордод тусгай зөвшөөрөлтэй “Өсөх зоос” ХХК, Эрдэнэтийн үүсмэл ордод үйл ажиллагаа явуулдаг “Ачит Ихт” ХХК-ийн төлөөллүүд гарын үсэг зурсан.
Үүний дараа “М Си Эс” группийн захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
- Стратегийн ордын өгөөжийн 60 хувь гэхээр дунджаар тооцвол хэдэн төгрөг вэ?
- Үндэсний уул уурхайн компаниуд Үндсэн хуульд заасан байгалийн хэвлийн баялгийн өгөөжийн дийлэнх хувь ард иргэдэд очих ёстой гэсэн санааг дэмжиж байгаа. Засгийн газрын талаас өгөөжийг 60 хувь болгомоор байна гэх саналыг бид хүлээн зөвшөөрлөө.
Баялгийн сан арвижиж байж Үндсэн хуулийн заалт биелнэ, ард иргэдэд байгалийн баялгийн өгөөж ахиухан очно. Энэ утгаараа “Энержи ресурс” ХХК 2008 онд стратегийн орд учраас 96 хувиа төрд өгч байлаа. Үлдсэн Ухаа худаг дээр хөрөнгө оруулалт хийгээд өнөөдрийг хүртэл 3.2 их наядыг улсын төсөвт төлсөн. Хөрөнгө оруулагчдад ашиг ногдоогүй явж байгаа ч төр засгийн баялгийн санг арвижуулах санааг хүлээн зөвшөөрч байгаа.
Нүүрсний үнэ өсөөд байвал төрд нэмж төлбөр өгнө. Жил бүр төлдөг АМНАТ, байгалийн хэвлийн баялгийг ашиглаж улсын төсөвт мөнгө өгдөг. Үүнийг баялгийн сангаар дамжуулж хуримтлалын санд төвлөрөөд уул уурхайн баялгийн өгөөж ард иргэдэд илүү мэдрэгдээсэй, орон нутагт ахиухан өгөөсэй гэдэг шаардлага тавьж байгаа. Энэ утгаараа төр засаг баялгийн сангийн хуваарилалтыг уул уурхайтай орон нутгийн ард иргэдэд ахиухан өгөх бодлого барих гэж байгаа гэж ойлгоод дэмжсэн.
Бидний төлсөн бүх төрлийн татвар улсын төсөвт нийлж орж буйг өгөөж гэж байгаа. Уул уурхайгаас орж буй бүх өгөөжийн 60 хувь нь төрд очих ёстой гэдэг томьёолол гарч байгаа.
- Уул уурхайн компаниудад ямар ашигтай вэ. Төр дээрэмдлээ гэж харах хүмүүс байна?
- Төр дээрэмдэж байна гэхэд хэцүү, өнгөрсөн наймдугаар сараас ажлын хэсэг байгуулагдаад манайхтай олон удаагийн уулзалт хийж, харилцан зөвшилцсөн. Уул уурхайг тойрсон улс төрчид сүүлийн олон жил хэрээс хэтэрлээ. Ахиухан экспорт хийж өгөөж нь улсын төсөвт орж байж цалин, тэтгэвэр нэмэгддэг дүрэмтэй. Уул уурхайг тойрсон хэрүүлийг бид цэг тавья гэж бодсон. Тэр утгаараа бид манлайлж, өмнө нь эзэмшлийн 96 хувиа өгсөн ч өнгөрсөн түүхээс сургамж авлаа. Улс төржих тусам бүтээн байгуулалт хойшилж байна.
- УИХ-аар батлагдчихвал гол эрсдэл нь Үндэсний баялгийн санг хэн барих вэ гэдгээс хамаарна. Эрх баригч нам бариад явбал эргээд улс төрийн популизм үргэлжлэх юм биш үү. Та эрсдэлээ тооцсон уу?
- Үүнийг бид мэдэхгүй. Бид ахиухан хөрөнгө оруулалт хийж, ажлын байраа тогтвортоо байлгаж эдийн засаг өсөөсэй гэж хүсэж байгаа. Энэ хэмжээгээр Баялгийн санд ахиухан татвар орох ёстой. Тэрийг зөв зүйтэй зарцуулах гэдэг бол улс төрчдийн хийх ажил. Сонгогчид өөрсдийнхөө шударга, зөв гэсэн улс төрчдөө сонгоод, тэд зөв шийдвэр гаргаад Баялгийн санд оруулж буй бидний татварыг иргэд, орон нутагт нь зөв зүйтэй зарцуулах ёстой гэдэгт найдаж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!