Уншиж байна ...

Байгалийн баялгийн өгөөжийн 60 хувийг ард түмэнд хүртээх тухай тохиролцоонд талууд гарын үсэг зурлаа

А.Төгөлдөр, iKon.mn
52 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

11:21 2026/02/10

Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран болон “Ачит ихт” компанийн эзэмшиж буй Эрдэнэтийн зэсийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг ард түмэнд хүртээх урьдчилсан тохиролцоонд хүрсэн хэлцэлд талууд гарын үсэг зурлаа. 

Засгийн газраас уул уурхай, эрдэс баялгийн салбарт эхлүүлсэн цэгцрэх хөдөлгөөний хүрээнд стратегийн болон үүсмэл ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тодорхойлох, түүнийг хэрхэн эзэмших, хэрэгжүүлэх асуудлаар урьдчилан тохирч, “Ачит Ихт”, “Энержи ресурс”, “Хангад Эксплорейшн”, “Өсөх зоос” ХХК-тай өнөөдөр хэлэлцээнд гарын үсэг зурав.

Ерөнхий сайд Г.Занданшатар "Байгалийн баялаг ард түмний мэдэлд байх Үндсэн хуулийн зарчимд нийцүүлж, Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэхэд манлайлал үзүүлж ажиллаж байгаа “Хангад Эксплорейшн”, “Өсөх зоос”, “Ачит Ихт”, “Энержи ресурс” компаниудын удирдлага, хамт олонд талархал илэрхийлье.

Монгол Улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн 2-т “... газрын хэвлийн баялгийн үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно гэж заасныг хэрэгжүүлэх хүсэл зоригоо илэрхийлэн талууд тохиролцоонд хүрлээ.

Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулж “Газрын хэвлийн баялгийн өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдох, түүнийг одоо ба ирээдүйн иргэддээ Үндэсний баялгийн сангаар дамжуулан эрх тэгш, шударга хуваарилах” зарчмыг оруулж, Үндэсний баялгийн сангийн тухай хуультай болсон. Үндсэн хуулийн 6.2 дугаар заалтыг амилуулан, хэрэгжүүлэх, байгалийн баялгийн үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдох, баялагтаа эзэн байх зарчмыг хангах хүрээнд стратегийн ач холбогдол бүхий ордод хамрагдсан болон үүсмэл ордууд дээр үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдүүдтэй хэлэлцээ хийх, үүрэг бүхий ажлын хэсгийг 2025 оны наймдугаар сарын 21-ны өдөр байгуулсан. Түүнээс хойш таван сарын хугацаанд 10 удаагийн яриа, хэлэлцээ хийж, асуудлыг олон талаас нь нарийвчлан хэлэлцсэн.

Ингээд үндсэн суурь зарчмаа тохироод өнөөдөр санамж бичиг байгуулж байна. Энэхүү бичиг баримтад тусгасан гол асуудал бол Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан хуулийн этгээдийн 34 хувиас доошгүй хувийг төр үнэ төлбөргүй эзэмшинэ, Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2-т заасан стратегийн орд газрын өгөөжийн 51-ээс дээш хувь буюу дийлэнх нь иргэдэд ногдож байх зарчмыг давуулан биелүүлж, өгөөжийн 60 хувийг ард түмэнд ногдож байхаар тохирлоо. Байгалийн баялгийн өгөөжийн 60 хувиас доош орох юм бол тохируулагч төлбөр буюу баялгийн татвар төлж байхаар тохиролцоод байна. 

Гэхдээ үнийн хэлбэлзлээс шалтгаалж 60 хувиас дээш, доош байхыг цаашид нарийвчилсан яриа хэлэлцээрээр тооцно. 

Төрийн эзэмшлийн хувь тогтоох эсвэл тусгай АМНАТ-аар орлуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-аар өргөн мэдүүлж шийдвэрлүүлнэ.

Засгийн газрын зүгээс хэлэлцээний үед хувийн хэвшлийнхний санал бодлыг нээлттэй сонсож, үйл ажиллагаанд нь дарамт шахалт үзүүлэхгүй байх, үндэсний хувийн хэвшлээ дарамтлахгүй байх зармыг баримталж ирснийг онцлон тэмдэглэх нь зүйтэй" гэлээ. 

Тавантолгойн нүүрсний бүлэг ордод үйл ажиллагаа явуулдаг “М Си Эс”, “Энержи ресурс” ХХК,  “Хангад Эксплорэйшн”, Нарийн сухайтын ордод тусгай зөвшөөрөлтэй “Өсөх зоос” ХХК болон “Ачит Ихт” ХХК-ийн эзэмшдэг Эрдэнэтийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг монголчуудад ногдуулах буюу Үндэсний баялгийн санд хуримтлуулна. Хэрэв тухайн жилд өгөөж 60 хувиас бага байх тохиолдолд стратегийн болон үүсмэл ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд тохируулагч төлбөрийг төлдөг байхаар харилцан тохиролцжээ.

 

ВИДЕО ҮЗЭХ: