Бүгд Найрамдах Солонгос Улсын хил дээрээс буцаагдсан, монгол иргэдтэй зүй бус харьцсан гэх асуудал олон нийтийн сүлжээнд гарсаар байна.
Үүнтэй холбоотойгоор тус улсад суугаа Монгол Улсын Элчин Сайдын Яам(ЭСЯ)-наас мэдэгдэл гаргалаа.
Энэ оны хоёрдугаар сарын 8-ны өдөр хил дээрээс буцаагдсан, хүний эрх зөрчигдсөн гэх өргөдөл, гомдол, хүсэлт ирээгүй байна. Хэрэв суугаа улсын Хилийн шалган нэвтрүүлэх албаны байцаагч тодруулга авах, шалгах явцад тухайн иргэний эрх зөрчигдсөн гэж үзэх гомдол байгаа бол нотлох баримтын хамт ЭСЯ-аар дамжуулан БНСУ-ын Хүний эрхийн хороо, Хилийн шалган нэвтрүүлэх албаны дотоод хяналт зэрэг зохих байгууллагад хүргүүлж, шалгуулах боломжтой байдаг.
Гэтэл ЭСЯ-ны шуурхай утас, цахим хаягт зохих хүсэлт, гомдол ирүүлэхгүйгээр, мэдээлэхгүйгээр зарим иргэд олон нийтийн сүлжээгээр дамжуулан буруу, ташаа мэдээлэл гаргаж байгаад харамсаж байна.
Монгол Улсаас гадаад улсад суугаа нийт Дипломат төлөөлөгчийн газар иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалах үүргээ тууштай, ямар ч нөхцөлд гүйцэтгэж байгааг үүгээр мэдэгдэж байна" гэжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!