Польш улсын ерөнхий сайд Дональд Туск саяхан олон нийтэд ил болсон Эпштейний хэргийн баримтуудыг нягтлан шалгах болсноо өчигдөр зарлажээ.
“Бид Польшийн хүүхдүүдийн эсрэг педофилуудын сүлжээ болон энэхүү чөтгөрийн тойргийн зохион байгуулагч ноён Эпштейн аливаа хүчирхийлэл үйлдсэн байвал зүгээр өнгөрөөхгүй” гэж Туск мэдэгдсэн байна.
2019 онд Нью-Йоркийн шоронд амиа хорлосон Жеффри Эпштейнд түүний итгэмжлэгдсэн хүн Гислейн Максвелл хэмээх эмэгтэй охид бүсгүйчүүд олж өгөх үүрэг гүйцэтгэдэг байсан юм.
Их Британийн иргэн энэ хүн одоо үйлдсэн хэргийнхээ төлөө АНУ-ын шоронд ял эдэлж байгаа.
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын хууль зүйн яам Эпштейний хэрэгтэй холбоотой гурван сая гаруй хуудас баримт материалыг ил болгосон юм.
Эдгээр материалд өөрийнх нь иргэд хохирогч болсон баримт байгаа эсэхийг Польш улсын эрх баригчид заавал шалгах үүрэгтэй гэж Туск үзэж байна.
Одоогоор Эпштейний хэргийн материалуудад Польшийн улс төрчид болон иргэдтэй шууд холбоотой баримт илрээгүй байгаа.
Гэхдээ Краков хотод оршин суудаг хүн өөрт нь “хэсэг охид, бүсгүйчүүд” байгааг Эпштейнд мэдээлсэн тухай нэг баримт гарсан юм байна.
“Иймэрхүү баримт өөр олон байна” гэж Туск хэвлэлийн хурлын үеэр хэлжээ.
Польшийн хууль зүйн сайд болон нийгмийг аюулаас хамгаалах албадын дарга нарын шууд удирдлага дор Эпштейний материалуудыг нягтлан шалгах баг байгуулахаар болсныг тэр мэдээлсэн байна. Уг баг шаардлагатай бол АНУ-ын холбогдох байгууллагаас нэмэлт баримт хүсэх эрхтэй байх гэнэ.
Туск бас Эпштейн агсан Оросын тусгай албадтай холбоотой эсэхийг мөрдөн шалгах төлөвлөгөөтэй байгаагаа энэ үеэр мэдэгджээ.
Гэхдээ тэр яагаад үүнд анхаарал хандуулах болсон шалтгаанаа тайлбарлаагүй байна.
“Одоогоор ил болсон материалууд дотор Владимир Путинтэй шууд холбоотой мянга гаруй баримт бичиг байна” гэж Туск хэлжээ.
Мягмар гарагт Латви, Литва улсуудын эрх баригчид бас Эпштейний хэргийн баримтуудыг нягтлан шалгах ажлыг эхлүүлэх болсноо зарласан юм.
Эх сурвалж: ABC News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!