Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт нар өчигдөр (2026.02.04) Унгар Улсын ОТП банкны төлөөлөлтэй цахимаар уулзлаа.
Уулзалтаар ОТП банкны зүгээс Монгол Улсын банкны тухай хууль, тогтоомж цаг үеийн шаардлагад тулгуурлан шинэчлэгдэж, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг тодорхой болгосон тохиолдолд банкны салбарт үйл ажиллагаагаа явуулах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм. Тухайлбал, нэг хувьцаа эзэмшигчид тавигддаг хязгаарлалт, хэт ерөнхий зарим зохицуулалтууд болон бодлогын эрсдэлийн хүрээнд тодорхой өөрчлөлтүүдийг хуульд тусгасан тохиолдолд стратегийн хөрөнгө оруулалт хийх бүрэн боломжтой гэдгээ тодотголоо.
Үргэлжлүүлэн ОТП банкны олон улс дахь үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын стратеги, зах зээлийн үнэлгээ болон санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдээс товч танилцууллаа. Өдгөө 75 жилийн түүхтэй ОТП банк нь Унгар Улсын хамгийн томд тооцогдох, хөрөнгийн биржид бүртгэлтэй арилжааны банк юм. Одоогоор Төв болон Зүүн Европын 11 улсад нийт 1,206 салбараар дамжуулан үйл ажиллагаагаа явуулдаг байна.
УИХ-ын дарга хэлэхдээ, энэ удаагийн парламентаас дэвшүүлж буй эрх зүйн шинэчлэлээр эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахын тулд төрийн хэт оролцоог хязгаарлаж, хувийн хэвшлийн орон зайг тэлэх бодлогыг чухалчилж байгаагаа онцоллоо. Тэрбээр банкны салбарын реформыг эрчимжүүлж, дотоодын зах зээлд гадаадын хөрөнгө оруулагчид оруулахыг зарчмын хувьд дэмжинэ гэдгээ тодотгоод ОТП банкны саналыг эергээр хүлээн авсан юм. Түүнчлэн УИХ-ын хаврын ээлжит чуулганаар Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж, холбогдох эрх зүйн орчныг илүү боловсронгуй болгоход анхаарч ажиллана гэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!