Монос, Механик Инженер, Тээврийн Сургууль, Офицеруудын ордны тойрог, Наадамчдын зам дахь явган хүний гүүрэн гарц болон Нарт хотхоны зүүн далан дээрх гүүрэн байгууламж зэрэг таван байршилд олон түвшний уулзвар барих магадлалын ерөнхий дүгнэлт мэргэжлийн байгууллагаас гарсан болохыг нийслэлийн албаны эх сурвалж мэдээллээ.
Уулзваруудын түвшнийг зааглаж, олон түвшинтэй болгосноор тээврийн хэрэгслийн урсгалын огтлолцлыг бууруулж, гэрлэн дохионоос хамааралтай зогсолт, хүлээлтийг багасган замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх ач холбогдолтой аж.
Тухайлбал Баянзүрх дүүргийн 42 дугаар хороо, “Нарт” хотхон орчимд хүн амын төвлөрөл нэмэгдэж байгаа ч үерийн хамгаалалтын далан нь замын сүлжээг тасалдуулж, жолооч, иргэд Нарны зам болон Энхтайвны өргөн чөлөөгөөр зайлшгүй тойрч зорчих шаардлагатай болдог бөгөөд үндсэн авто замуудын ачааллыг зохиомлоор нэмэгдүүлж, гамшгийн үеийн шуурхай бэлэн байдлыг ч хязгаарладаг байна. Иймд далан давуулан гүүрэн байгууламж барих нь замын холболтыг нөхөж, иргэдийн зорчих зай, хугацааг товчлох, шатахууны үргүй зардлыг багасган, хотын гол замуудын түгжрэлийг сааруулах тооцоолол гарчээ.
Уулзваруудыг олон түвшинтэй болгосноор замын хөдөлгөөний дундаж хурд 7.1 хувиар нэмэгдэх гэнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!