Жүжигчин Пак Чон Мин 2025 оны Өмнөд Солонгосын хамгийн өндөр амжилт гаргасан уран бүтээлч болоод байгаа.
Саяхан түүний 46 дахь удаагийн “Цэнхэр Луу” кино урлагийн шагнал гардуулах ёслолын тайзан дээр дуучин Хвасатай хамтран хийсэн үзүүлбэр амжилтын буухиаг нь үргэлжлүүлсэн юм.
Хвасагийн “Good Goodbye” дууны энэ үзүүлбэрийн дүрс бичлэгийн эх хувилбарын хандалт долоон саяыг давсан бол дагалдах хуулбаруудыг оролцуулбал нийтдээ 10 саяыг давжээ.
Ингээд зогсоогүй “Good Goodbye” дууны видео YouTube платформын хөгжмийн хэсгийг тэргүүлж, 53 сая гаруй хандалттай болсон бол Өмнөд Солонгосын “Melon”, “Bugs” зэрэг хит дууны жагсаалтуудыг бас тэргүүлсэн байна.
Пак Чон Миний есдүгээр сард зах зээлд гарсан “The Ugly” нэртэй кино энэ оны хамгийн өндөр орлоготой дэлгэцийн бүтээлүүдийн нэг болоод байгаа.
Уг киноны төсөв харьцангуй бага буюу 200 сая вон ($145,000) байсан ч орлого нь үүнийг 50 гаруй дахин нугалж, 11 тэрбум вонд хүрсэн юм.
Пак энэ кинонд хоёр дүр бүтээсний нэг нь харааны бэрхшээлтэй эрийн гэнэн цайлган гадаад дүр, нөгөө нь түүний дотоод хар бараан дүр байжээ.
Энэ кинонд ямар ч цалин хөлсгүй тоглосон нь сүүлд ил болсноор түүний нэр хүнд улам өссөн байна.
Пак жүжигчнээс гадна зохиолч гэдгээрээ хүлээн зөвшөөрөгдсөн хүн юм.
Тэрбээр солонгос хэлнээс орчуулбал “Ашигтай хүн” нэртэй өөрийн өгүүллэгийн түүврийг амжилттай хэвлүүлж, худалдаанд гаргасныхаа дараа 2020 онд “Muze” нэртэй хэвлэлийн компаниа байгуулж байв.
Muze компани энэ онд зохиолч Ким Гым Хигийн “Миний анхны зун, Ванжу” нэртэй романыг хэвлэснээ зургаадугаар сард Сөүлийн олон улсын номын үзэсгэлэн худалдааны үеэр танилцуулсан нь эхний өдрөө дуусаж байжээ.
Пак одоо “Пигийн амьдрал” нэртэй тайзны жүжгээр үзэгчидтэйгээ дахин уулзах гэж байгаа юм.
Эх сурвалж: Hankook Ilbo
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!