Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/21-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Баттулга: Нэг ч хүний амь эрсдэхгүй болсон цагт барилгын осол буурлаа гэж хэлье

ikon.mn
2014 оны 1 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Д.Баттулга: Нэг ч хүний амь эрсдэхгүй болсон цагт барилгын осол буурлаа гэж хэлье

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл 2014 оны 1 сарын 20-нд хуралдаж, хуралдаанаар НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 75 дугаар тогтоолоор баталсан “Барилга угсралтын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах асуудлыг зохицуулах нийтлэг журам”-ын хэрэгжилт, барилгын салбарт гарч буй зөрчил, урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлын талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө.
 
Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй барилгын захиалагч байгууллагууд болон гүйцэтгэгч компаниуд, төрийн хууль тогтоомжийг зөрчих, дур зоргоороо авирлах, үл тоомсорлох, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны наад захын дүрэм, журмыг биелүүлдэггүй байдал хавтгайрч, газар авснаас эрдэнэт хүний амь нас хохирсон осол гарсаар байгаа юм.

Тиймээс энэ байдлыг таслан зогсоохын тулд барилгын үйлдвэрлэлийн үйл ажиллагааны талаарх төрийн бодлогыг нийслэлийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдарч ажиллах нөхцлийг хангах зорилгоор нийслэлийн Засаг даргын А/427 тоот захирамжийн дагуу “Барилга угсралтын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг зохицуулах нийтлэг журам” боловсруулж, НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 75 дугаар тогтоолоор баталсан. 

Гэвч барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд тус журмыг мөрдөж ажиллахгүй байгааг нийслэлийн Цагдаагийн газраас хэллээ. Нийслэлийн Цагдаагийн газрын мэдээгээр, нийслэлийн хэмжээнд баригдаж байгаа барилгууд дээр өнгөрсөн онд 129 гэмт хэрэг бүртгэгджээ.

Энэ нь өмнөх онтой харьцуулахад 32 нэгжээр буюу 19.9 хувиар буурсан үзүүлэлт юм байна. Өнгөрсөн онд хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн журам зөрчигдснөөс 77 гэмт хэрэг бүртгэгдэж,  9 хүн нас барж, 44 хүн бэртэж гэмтжээ.

 Барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагууд нь аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан орон тооны ажилтан ажиллуулдаггүй, уг асуудлыг барилгын талбайн  инженерт хариуцуулж цалгардуулдаг, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн арга хэмжээнд зарцуулах хөрөнгийг хуульд заасан хувь хэмжээгээр төсөвлөж, зориулалтын дагуу зарцуулдаггүй, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг ажилтанд нэр төдий өгч, гарын үсэг зуруулснаар хязгаарладаг, 1,3 метр түүнээс дээш өндөрт байрлаж буй ажлын байранд хамгаалалтын хаалт, хашлага, тор, саравч, шат хийдэггүй гэх мэт зөрчлүүдээс болж барилгын осол гарч байгаа нь тогтоогджээ.

Түүнчлэн үйл ажиллагааг нь зогсоох тухай мэргэжлийн байгууллагын албан мэдэгдэл, шаардлага өгсөөр байтал үргэлжлүүлэн ажилладаг, тодорхой үр дүнтэй арга хэмжээ зохион байгуулдаггүй зэрэг ноцтой зөрчил дутагдал гарсаар байгааг цагдаагийн газраас мэдээллээ.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга М.Ням-Очир барилгын салбарт 2013 онд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналтаар хийсэн ажлын тухай танилцууллаа. НМХГ-аас журмыг хэрэгжүүлэх, барилгын салбарт гарч буй нийтлэг зөрчлийг арилгуулах, үйлдвэрлэлийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудад хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлын холбогдох дүрэм, журам, стандартыг сурталчлах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, хэрэгжилтийг шалгах гэх мэт ажлыг шат дараатайгаар зохион байгуулан ажиллажээ.

Үүний үр дүнд өнгөрсөн онд үйлдвэрлэлийн ослын тоо өмнөх оныхоос 50 гаруй хувиар буурсан  үзүүлэлттэй байна.  Тодруулбал 2012 онд барилгын салбарт нийт 56 осол гарч 29 хүн нас барсан бол 2013 онд 29 осол гарч 14 хүн нас баржээ.

Гэхдээ  цаашид Улсын байцаагчийн тавьсан шаардлагыг албадан биелүүлдэг хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай байгааг онцлож байлаа. Өнгөрсөн онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа зөрчснөөс хүний амь насанд хохирол учруулсан 11 байгууллагын барилгын ажлын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх саналыг улсын байцаагчийн дүгнэлтийн хамт Барилга, хот байгуулалтын яаманд хүргүүлсэн ч одоогоор ямар нэг хариу ирүүлээгүй байна.

Мэдээллийг сонсоод, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Д.Баттулга  “Барилгын салбарт гарсан ослын улмаас нас барсан хүний тоо өнгөрсөн оныхтой харьцуулахад 50 гаруй хувиар буурсан гэж байна. Гэхдээ нэг ч хүний амь нас эрсдэхгүй болсон цагт барилгын осол буурлаа гэж үзэх ёстой юм.

Тиймээс нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс үйлдвэрийн ослыг бууруулах, хуулийн хэрэгжилтийг хангуулах, мөрдөгдөж байгаа хуулийн заалтуудад өөрчлөлт оруулах, эрх зүйн орчныг сайжруулах санал боловсруулах ажлын хэсэг байгуулж, цаашдаа зөвхөн барилгын осол гэлтгүй Улаанбаатар хотод гарч байгаа үйлдвэрлэлийн ослыг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлд онцгой анхаарал хандуулж ажиллах шаардлагтай байна” гэлээ.  

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 75 дугаар тогтоолоор баталсан “Барилга угсралтын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг зохицуулах нийтлэг журам”-аар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй барилгын захиалагч, зөвлөх үйлчилгээ эрхлэгч, хөрөнгө оруулагч, барилгын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд, барилгын ажилтан, түүнчлэн иргэдийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах талаар ямар эрх эдэлж, үүрэг хүлээхийг нарийвчлан тогтоож өгснөөс гадна барилга угсралтын үйл ажиллагаанд оролцогчдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах талаар хуулиар зохицуулаагүй зарим асуудлыг энэ журмаар зохицуулсан юм