Уншиж байна ...

Х.Нямбаатар: Хүхэрлэг хий, тоосонцрын хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс буурсан байна

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 11 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

НИТХ-ын өнөөдрийн хуралдаанд нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний талаар хотын дарга Х.Нямбаатар танилцуулав.

Тэрбээр "2024 оны арваннэгдүгээр сарын 23-ны агаарын чанарыг дундаж утгыг өнөөдрийнхтэй харьцуулахад хүхэрлэг хий 43%, PM 2.5 нарийн ширхэгт тоосонцор 8%, PM 10 том ширхэгт тоосонцор 19%-аар буурсан байна.

Харин азотын давхар исэл өссөн байна. Энэ нь автомашины яндангаас гарч байгаа хүнд элемент. Сүүлийн хоёр сард шатахууны тасалдал болж буйтай холбогдуулан дээж авч шалгалт хийх шаардлага үүсэж байна.

ТЭЦ-3-ын орчимд агаарын чанарын урдынхаасаа илүү муудсан. Арванхоёрдугаар сарын 10-нд хэвлэлийн хурал зарлаж, агаарын чанарын нарийвчилсан шинэ дүн мэдээг танилцуулна. 

Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийг энэ жил 350,000 тонн хагас коксон түлшээр өвөлжүүлнэ. Яагаад гэвэл 100 гаруй тонн нүүрс хулгайлагддаг байсан. Хотула апп 170,000 хэрэглэгчтэй болсон, илүү хэрэглэгчгүй. Улсын төсвөөс гардаг татаасууд энэ хэмжээгээр буурч байна. Багануурын уурхайг түшиглэсэн хагас коксын үйлдвэр барина. 

Хагас коксон түлшийг анх 397 цэгээр борлуулж байсан дээр 20 гаруйг нэмсэн, дахиж нэмэхгүй. Айл бүрийн гудамжны үзүүрт түлш зараад байвал алдагдал нь хоёр их наяд төгрөг болно. Бүх юмыг төр даадаг байдлаас татгалзахын тулд 397 цэгийг нээ гэсэн хүн нь би байгаа юм. Түлш зарах цэгийг нэмээд байвал зардал нь нэмэгдээд л байна. Өргөн царигийн төмөр замаар Эрээн хотоос хагас коксон түлшийг авч, 20 гаруй хоногийн нөөцтэй болсон. Түлшний нөөц хангалттай бий.

Энэ онд бүх айлуудыг угаарын хийн мэдрэгчтэй болгож, Хэрэглэгчдэд үйлчлэх төв 24/7 цагаар ажилласнаар эмгэнэлтэй тохиолдол буурсан. Амарсайхан даргын үед тараасан угаарын хий мэдрэгчийг бүгдийг шинэчлэн сольж байгаа юм.

Зарим үед хэрэглэгч гал түлэх, тогоогоо тавих үед угаар мэдрэгч дуугарахад төвөгшөөсөндөө унтраачих үед хэрэглэгчийг хасаад байгаа юм, үүнийг сайжруулна.

Зориг гаргаж байж бидний хийсэн ажлын үр дүн гарна. Хэзээ байхдаа Улаанбаатар хот бүх айлынхаа гэрт угаар мэдрэгчийг суурилуулж, 2,000-3,000 айлыг газрыг чөлөөлсөн юм. Өнөөдрийн байдлаар 145,000 айлын угаар мэдрэгч автомат системд холбогдсон. Айлд олуулаа нийлээд тамхи татахад угаар мэдрэгч ажиллаж, Хэрэглэгчдэд үйлчлэх төв рүү мэдээлдэг.

Угаарын хийгээс урьдчилсан сэргийлэх талаар НЭМГ болон НЭМҮТ-тэй хамтран ажиллана.

Хэрэглэгчийн зуух чанарын шаардлага хангахгүй, галлагааг буруу хийснээс эмгэнэлтэй тохиолдлууд гарч байгаа. Ирэх оны 3-4 дүгээр сард Баянзүрх дүүргийн 10,000 орчим айлд давхар шаталттай зуухыг тараана. Ингэснээр ханан пийшинтэйгээс бусад айлын зуухыг шинэчилж дуусна. Ханан пийшинд шинэчлэл хийсэн гадаадын болон дотоодын туршлага одоогоор алга. Гэр хорооллын айл өрүүдийн зууханд стандарт байхгүй учраас бүгдийг шинэчилж байгаа юм.

Зуух, түлшний шинэчлэл угаартах эрсдэлээс урьдчилан сэргийлж чадаж байна. Агаарын бохирдлын бүрэн шийдвэрлэе гэвэл гэр хорооллын бүх айлыг газарт оруулж, орон сууцанд оруулах юм.

Улаанбаатар хотын баруун талыг нийслэл, зүүн талыг эрчим хүчний эх үүсвэрийг хангах асуудлыг Эрчим хүчний сайд хариуцна гэж тохирсон. Ингэснээр гэр хорооллын айлууд орон сууцанд орох нөхцөлүүд хангагдах юм.

5, 6 жилийн өмнө бидний хувцаснаас битүү нүүрс үнэртдэг байсан. Одоо хойд уулын орой харагдаж байвал эхний үр дүн гарч байгаа гэсэн үг.

Цаашид газар чөлөөлж, газ руу шилжих бодлого барина. ДЦС 5-аас өөр нүүрсээр галладаг станц хотод шинээр бүү бариасай гэж ЭХЯ-нд хэлмээр санагддаг" гэв.

Гэр хорооллын том талбайтай байшинтай, нам даралтын зуухтай айлуудад олгох түлшний тоог нэмсэн бол Шувуун фабрик, Налайх, Партизаны айл өрхүүдэд миддлингийн түлшийг өгч, нийслэл хотын бүх айлд хагас коксон түлш түлүүлэхээр болжээ.