Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын дарга ойр, ойрхон солигдож, тамга, тэмдгээ авч зугтаж байна гэх мэдээлэл гараад байгаа. Энэ нь ямар учиртай болохыг өнөөдөр болж буй НИТХ-ын хуралдааны танхимд төлөөлөгч Ү.Оюунзул асуусан юм.
Түүний асуултад хотын дарга Х.Нямбаатар "Нийслэлийн засаг даргын томилдог албан тушаалтнууд дотор шүүхийн маргаантай хүн байхгүй.
НЭМГ-ын дарга өмнө нь түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Төрийн Албаны Зөвлөлөөс шаардлага ирсний дагуу нээлттэй сонгон шалгаруулалт зарласан. Наранбаатар гэдэг хүнтэй энэ танхимд анх удаа уулзаж байна. Энэ хүн төрийн албаны шалгалтад нэгдүгээр байрт орсон. ТАЗ-өөс томилуулах бичиг ирсэн, ЭМ-ийн сайд зөвшилцсөн. Би энэ хүнийг томилсон, гарын үсгээ зурахдаа дуудалгүйгээр ТАЗ-ийн бичигт үндэслэж зурсан. Хурлын дараа энэ хүнтэй танилцана" хэмээн хариуллаа.
Өргөө зочид буудлыг авах талаар "НЗДТГ-тай холбоотой өмчийн маргаанууд бүрэн дуусаж байна. Өргөө зочид буудлыг буцааж авах асуудлаар нөгөө талын байгууллагаас хэлэлцээрт орох саналаа ирүүлж, зөвшилцөл эхэлсэн. Соёлын төв өргөөтэй холбоотой хэлцлийг дуусгана" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!