Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро улс орноо Афганистан маягийн “дуусдаггүй дайнд”-д хөтлөн оруулахгүй байхыг АНУ-ын ерөнхийлөгчид уриалжээ.
Дэлхийн хамгийн том нисэх онгоц тээвэрлэгч болох АНУ-ын USS Gerald R Ford байлдааны хөлөг Карибын бүс нутагт ирж байрласны дараа тэр ингэж хэлсэн байна.
Пүрэв гарагийн орой өөрийг нь дэмжигчдийн жагсаалд оролцохоор нийслэл Каракас дахь Мирафлорес ордноос гарч явах замдаа тэр CNN агентлагийн сурвалжлагчид товч ярилцлага өгчээ.
“Бас нэг дуусдаггүй дайн дэгдэх ёсгүй. Бас нэг шударга бус дайн хэрэггүй. Бас нэг Ливи хэрэггүй. Бас нэг Афганистан хэрэггүй. Энх тайван оршин тогтнох болтугай” гэж 62 настай Мадуро энэ үеэр хэлсэн байна.
Гэвч Венесуэлийн удирдагчийг ингэж хэлснээс хойш хэдхэн цагийн дараа Пентагоны тэргүүн Пит Хэгсэт “Өмнөд Жад” нэртэй байлдааны ажиллагаа эхэлж буйг зарлажээ.
“Дэлхийн бөмбөрцгийн баруун хагас бол Америкийн хөрш зэргэлдээ бүс нутаг бөгөөд бид үүнийг хамгаалах болно” гэж сошиал хуудсаараа мэдэгдсэн Хэгсэт “манай ард түмнийг хөнөөж буй мансууруулах бодисоос эх орноо хамгаалах” нь тус улсын зэвсэгт хүчний Өмнөд Командлалын үүрэг болохыг хэлсэн байна.
АНУ-ын тэнгисийн хүчний Өмнөд Командлал хууль бус хар тамхи тээвэрлэлтийг хянах, илрүүлэх ажлыг Карибын тэнгисийн бүс нутагт эрчимжүүлэхийг 10 сарын өмнө Трампын засаг захиргаа анх мэдэгдэж байв.
Харин Хэгсэт яагаад одоо ийм мэдэгдэл хийсэн нь тодорхойгүй байна.
Сүүлийн саруудад Карибын тэнгист байрласан АНУ-ын тэнгисийн хөлгүүд хар тамхи тээвэрлэгч гэгдэж буй хөгүүдийг толгой дараалан устгасаар байгаа.
Энэ ажиллагаа Венесуэлийн эргийн ойролцоо голдуу хэрэгжиж байсан бол сүүлд Номхон далай руу хальсан.
Гэхдээ Венесуэл бол кокаин үйлдвэрлэгч улс биш, Боливи, Колумб, Перу улсууд үүнийг бараг 100 хувь гүйцэтгэдэг. Мөн Мексикт төвлөрсөн фентанил хууль бусаар хил нэвтрүүлэх сүлжээ Венесуэлтэй хамааралгүй ажилладаг юм.
Тиймээс Трампын засаг захиргааны Карибын тэнгист явуулж буй ажиллагаа Венесуэлийн дэглэмийг унагах зорилготой гэсэн таамаг яригдаж байгаа.
АНУ хамгийн сүүлд 1989 онд Панам руу довтолсон нь Карибын бүс нутагт явуулсан өмнөх томоохон ажиллагаа байв.
Трамп бас Венесуэлийн нутаг дэвсгэрт хуурай замын байлдааны ажиллагаа явуулж болзошгүй гэсэн санааг цухуйлгаж байгаа.
Венесуэлийн гадаад хэргийн сайд Иван Гил саяхан АНУ-ыг “Умард Америкийн эзэнт гүрэн” гэж нэрлээд “Халдах талаар санаад хэрэггүй. Бид бэлэн байна” гэж анхааруулжээ.
Мадуро АНУ-ын армийн довтолгоог тэсвэрлэхэд хэцүү гэдгийг ойлгоод партизаны дайн явуулах давхар төлөвлөгөө боловсруулсан гэх мэдээлэл бий.
Тухайлбал Венесуэлийн 280 гаруй байрлалд жижиг зэвсэгт бүлгүүдийг хорлон сүйтгэх ажиллагаа явуулахад зориулан бэлдэж эхэлсэн гэлцэж байна.
Мөн “Анархизм” гэж нэрлэсэн хоёр дахь хувилбар төлөвлөгөөнд Каракасын гудамжинд эмх замбараагүй байдал үүсгэж, Венесуэлийг гаднын хүчинд захирагдахгүй болгох санаа яригдаж буйг эх сурвалжууд мэдээлжээ.
Эх сурвалж: CNN
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!