Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн "Үгүйлэгдсэн хайр" жүжиг Улсын Драмын эрдмийн театрын тайзнаа энэ сарын 12-ноос тавигдаж эхэлсэн билээ.
Уг жүжгийг "Бавуугийн Лхагвасүрэн" сангийн хүсэлтээр, их найрагчийн мэндэлсний 80 жилийн ойд зориулан тавьж байгаа аж. "Үгүйлэгдсэн хайр" жүжиг анх 1988 онд тайзнаа тавигдаж байсан бөгөөд үүнээс хойш 2005, 2015 онд тоглогдож байжээ.
Энэ удаагийн тавилтыг урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар найруулан хүргэж буй бөгөөд УДЭТ-ийн залуу уран бүтээлчдээр багаа бүрдүүлж, жүжгийн зохиолыг шинэчлэн тавьж буйгаараа онцлог.
Үүнтэй холбогдуулан "Үгүйлэгдсэн хайр" жүжгийн Отгоолойн дүрд тоглож буй Б.Мөнх-Учралтай ярилцлаа. Түүний хувьд анх удаа жүжгийн гол дүрд тоглож байгаа юм байна.
- Таны бүтээсэн Отгоолой ямар зан араншин, онцлогтой дүр вэ?
- Отгоолой бол архичин, 28 настай, айлын бага эрх хүүхэд. Таван настай байхад нь аав нас барчихсан. Өөрийн гэсэн ухамсаргүй, эцэг эх, ахын хайраар дутсан залуугийн дүр байгаа.
Анхны хайр Цэцэгээгээс болж архинд ордог. Бас Цэцэгээгээс болж архинаас гардаг. Жүжгийн эхэнд хөлөөрөө толгой хийчихсэн, архинд орчихсон, цагаан солиотой болтлоо уучихсан байдаг. Өөрийнхөө амьдралын бурууг аав ээж, ах дүүгээсээ хайсан хүн мэтээр харагдана.
Цэцэгээ бол Отгоолойн анхны хайр байсан боловч хайртай гэж хэлж чадахгүй явсаар өөр хүнд алдчихсан. Сүүлд буюу архичин болсныхоо дараа Цэцэгээгийн аавтай Отгоолой тараахад "надаас хойш охиныг минь харж хандаач" гэж гуйдаг. Энэ үзэгдэл хэн ч өөрт итгэхгүй, үл тоох үед архинаас гаргах хамгийн том итгэл, хариуцлага болж хувирна.
- "Үгүйлэгдсэн хайр" жүжиг 1988 оноос хойш гурван удаа тавигдсан. Хамгийн сүүлд 2015 онд Ч.Найдандорж найруулагчийн нэр дор тавигдсан. Энэ удаад өмнөхөөсөө юуг өөрөөр хийж байгаа вэ?
Юунаас болж золиослогдсон, ер нь нийгэмд хүмүүс юунаас болж золиослогддогийг харуулна.
- Хамгийн анх Халх голын дайчдад зориулагдан тавигдаж байлаа. Анх Отгоолойн ах Базар гол дүр байсан, тухайн үеийн дарга нар ямар байр суурьтай байсныг өгүүлдэг. Харин одоо бол Отгоолой, Цэцэгээ хоёрыг гол дүр болгосон байгаа. Отгоолой өмнө нь ахыгаа ухааруулахын тулд нөлөөлж байгаагаар жүжигт гардаг. Энэ удаад Отгоолойг ухааруулахын тулд бусад дүр гарч ирнэ.
Отгоолой бол нийгмийн золиос гэж болно. Юунаас болж золиослогдсон, ер нь нийгэмд хүмүүс юунаас болж золиослогддогийг харуулна. Жүжгийн багт залуучуудыг нэлээд тоглуулсан. Үзэгчид маань залуу насны эрч хүч, энерги, авьяас, ур чадварыг харамгүй хүртэх болов уу.
- Хүмүүс ямар нэгэн жүжиг үзсэний дараа зарим хэсгүүд нь сэтгэлд тодхон үлддэг. Танай жүжгийн тэр агшин юу байх вэ?
- Өнөө үед хүмүүс нийгэм болохгүй байна гэж ярьдаг. Би Соёл урлагийн их сургуулийг 2020 онд төгсөнгүүтээ Европт гурван жил ажиллаж байгаад ирсэн. Цахим сүлжээг харахаар Монголд болохгүй байгаа юм шиг харагддаг. Гэтэл нийгмийг бүрдүүлж буй гэр бүлд асуудал байгаа юм шиг. Салалт, хүүхдүүд өнчрөх гэх мэт.
Биднийг бага байхад гэрлэсэн хоёр хүн хөгширтлөө хамт амьдардаг байсан бол одоо тэр үзэгдэл харьцангуй буурсан юм шиг мэдрэгдсэн. Үр хүүхэд, эд баялаг байгаа ч биеэсээ хайрлах халуун дулаан уур амьсгал дутагдаад байгаа юм шиг. Тиймээс энэ жүжигт нэгнээ яагаад хайрлах, энхрийлэх ёстой талаар өгүүлнэ. Жүжиг дууссаны дараа хүмүүс гараад хамгийн түрүүнд хайртай хүмүүс рүүгээ залгах байх.
- Отгоолойгийн дүрийг бүтээхэд юу хамгийн хэцүү байсан бэ?
Эр хүн хэлсэндээ хүрдэг, юу ч болсон тэвчээртэй хүлээцтэй байгаасай.
- Нэгт архичин болох маш хэцүү. Гэхдээ хамгийн хэцүү нь эр хүн шиг байх. Эр хүн байж хайртай хүндээ итгэл төрүүлэх, ах эгч нартаа архи уухгүй гэж хэлэх зориг гаргах хэцүү байсан.
Эр хүн шиг байх гэдэг биднээс холдчихсон юм шиг. Архинаас гарсан, хоёр дахь амьдралаа зохиож байгаа, өөртөө итгэлтэй болсон эр хүн ямар байдгийг харуулах нь сонирхолтой даваа байлаа.
Амьдрал дээр манай үеийн залуучууд би хичээж байна, зүтгэж байна гэдэг. Харин жүжиг дээр "Хэзээ байтлаа монгол эр хүн гэр бүлээ авч явж байгаагийнхаа төлөө гоншигнодог болчхов" гэж хэлдэг. Энэ санаа олон хүнд хүрээсэй. Эр хүн хэлсэндээ хүрдэг, юу ч болсон тэвчээртэй хүлээцтэй байгаасай.
- Ярилцсанд баярлалаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!