Уншиж байна ...

АНУ-ын арми халдсан тохиолдолд партизаны дайн явуулахаар Венесуэл улс иргэддээ хуучин зэвсэг тарааж эхэлжээ

Т.Давааням, ikon.mn
2025 оны 11 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Латин Америкийн хар тамхины картелуудтай тэмцэх зорилгоор АНУ-ын засаг захиргаа байлдааны тэнгисийн хөлгүүдээ Венесуэлийн эргээс холгүй Карибын тэнгисийн усанд байрлуулаад байгаа.

Одоогоор тэд хар тамхи тээвэрлэгч завь, хөлгүүдийг устгаж байгаа бол ерөнхийлөгч Дональд Трамп сүүлд хуурай газрын байлдааны ажиллагаа явуулах боломжийг үгүйсгээгүй юм.

Гэхдээ дараа нь тэр Венесуэлийн нутаг дэвсгэрт ямар нэг ажиллагаа явуулах бодолгүй байгаагаа мэдэгдэж байв.

Гэвч энэ мэдэгдэл Венесуэлийн эрх баригчдыг тайвшруулаагүй юм.

2013 оноос хойш Венесуэлийг удирдаж буй ерөнхийлөгч Николас Мадуро үүний цаана өөрийнх нь засаглалыг түлхэн унагах Трампын засаг захиргааны “нууц төлөвлөгөө хэрэгжих гэж байж болзошгүй” хэмээн болгоомжилж байна.

Тэрбээр зэвсэгт хүчнээ дайны бэлэн байдалд шилжүүлсэн бол саяхнаас ард иргэддээ Зөвлөлтийн үеийн хуучин галт зэвсгүүдийг тарааж эхэлжээ.

Энэ нь АНУ-ын зүгээс халдсан тохиолдолд партизаны дайн явуулах зорилготой бэлтгэл ажил юм байна.

Мадурогийн дэглэмийн зэвсэгт хүчинд АНУ-ын халдлагыг эсэргүүцэх чадал байхгүй гэж мэдээлэлд ойр эх сурвалжууд үзэж байна.

Венесуэлийн засгийн газар зэвсэгт хүчнээ шаардлагатай зүйлээр хангаж дийлэхгүй болсноос зарим командлагч нар цэргүүдээ тэжээхийн тулд орон нутгийн хүнс үйлдвэрлэгчидтэй яриа хэлэлцээ хийх болсон гэдэг.

Тиймээс хоёр дахь хувилбар буюу партизаны дайн явуулах тактикийг төлөвлөж байгаа бололтой.

Венесуэлийн засгийн газрын эх сурвалж энэ талаар “Бид уламжлалт дайнд хоёр цаг ч тэсэхгүй” гэж ярьжээ.

Гэхдээ Мадурогийн дэглэмийн өндөр албан тушаалтнууд АНУ-ын аюул заналыг үл тоомсорлосон зүйлийг ард иргэддээ ярьсаар байна.

Тухайлбал тус улсын дотоод хэргийн сайд Диосдадо Кабелло энэ сарын эхээр телевизээр ярихдаа “Тэд бөмбөгдөөд бүх зүйл дуусна гэж бодож байгаа юм байх даа” гээд инээж байв.

Ерөнхийлөгч Мадуро бас өөрийн цэргүүдийг “тусгаар тогтнолын баатар Симон Боливарын залгамжлагчид” гэж удаа дараа магтаж байгаа.

Өчигдөр Венесуэлийн батлан хамгаалахын сайд Владимир Падрино “Түрэмгийлэлд бид үндэсний эв нэгдлээр хариу өгөх болно. Бид бэлэн байна. Гэхдээ бид дайныг хүсэхгүй” гэж мэдэгджээ.

Мадурогийн армийн зэр зэвсэг, байлдааны техник хэрэгсэл олон арван жилийн өмнө Зөвлөлт Холбоот Улсад үйлдвэрлэгдсэн байдаг.

Тухайлбал тус улс 2000-аад оны үед Оросын нэг компаниас 20 орчим Сухой сөнөөгч нисэх онгоц худалдан авч байжээ.

Энэ мэтчилэн Зөвлөлтийн үеийн нисдэг тэрэг, танк, пуужингууд Венесуэлийн армийн зэвсэглэлд бий.

Саяхан Венесуэлийн эрх баригчид хуучин онгоцнуудыг засварлах, радарын системийг шинэчлэх, пуужингийн шинэ систем нийлүүлэх тал дээр тусламж үзүүлэхийг ОХУ-аас хүссэн юм.

Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын гадаад хэргийн яам Венесуэлийн хүсэлтийн дагуу туслахад бэлэн байгаагаа мэдэгджээ.

 

Эх сурвалж: Reuters