Уншиж байна ...

Хүүхдийн бие махбодод халдах, үл хайхрах зөрчил хамгийн их буюу 96.5%-тай бүртгэгджээ

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 11 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Прокурорын байгууллагаас 2025 оны эхний арван сарын байдлаар “Хүүхдийн эрхийг зөрчих” зөрчлийн гаралт, шийдвэрлэлтийг судалж үзэхэд дээрх хугацаанд нийт 6,507 зөрчлийн гомдол, мэдээлэл бүртгэгдсэн байна. 

Тодруулбал: 

  • Нийслэлд 4,369
  • Орон нутагт 2,138 зөрчил бүртгэгджээ.

Үүнээс Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн долоо дахь хэсэгт заасан “Хүүхдийн бие махбодод халдсан, эсхүл үл хайхарсан, эсхүл хүүхдийн дэргэд архидан согтуурсан, мансуурсан, хүчирхийлэл үйлдсэн” зөрчил 96.5 хувь буюу 6,285 бүртгэгдсэн нь хамгийн их байна.

Зөрчлийн хэргийн шийдвэрлэлтийг авч үзвэл: 

  • 2,773 буюу 42.6 хувьд шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авхуулах саналыг шүүхэд хүргүүлж,
  • 3,340 буюу 51.3 хувьд шийтгэл оногдуулж,
  • 73 буюу 1.1 хувьд эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж,
  • Найм буюу 0.1 хувьд эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж шийдвэрлэсэн байна.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн тавдугаар зүйлийн 5.2-т ”Хүүхэд эрүүл өсөж бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй”, 7 дугаар зүйлийн  7.1-д ”Хүүхэд гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, бие махбодын шийтгэл, сэтгэл санааны дарамт, үл хайхрах байдал болон мөлжлөгийн аливаа хэлбэрээс нийгмийн бүх орчинд хамгаалагдах эрхтэй” гэж заасан бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлд Хүүхдийн эрхийг зөрчих зөрчлийг хуульчилсныг Улсын Ерөнхий Прокурорын Газраас мэдээлэв.