Уншиж байна ...

Дифлимпын наадамд Монголын 14 тамирчин өрсөлдөнө

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 11 сарын 7
IKON.MN
Зураг зураг

Япон улсын нийслэл Токио хотод дифлимпын XXV наадам арваннэгдүгээр сарын 15-наас 26-ныг дуустал болно.

Энэ наадамд 81 орчим орны 3,200 гаруй тамирчин 21 спортын төрөлд өрсөлдөх бол манай улсаас жүдо, чөлөөт бөх, ширээний теннис, хөнгөн атлетик, буудлага спортын төрөлд 14 тамирчин оролцохоор мэдүүлжээ.

1924 оноос хойш зохион байгуулж буй тус наадмыг Япон Улс түүхэндээ анх удаа хүлээн авч буй. 2009 онд Хятадын Тайпэй хүлээн авсныг эс тооцвол Азийн орнуудаас хоёр дахь удаагаа тус наадмыг зохион байгуулж байна.

Гурван жилийн өмнө Бразилд болоход манай улсаас таван тамирчин оролцоод алт, хүрэл медаль хүртэж байв.

Харин медалийн чансаагаар Украин 64 алт, 39 мөнгө, 42 хүрэл медалиар илт давуу тэргүүлсэн. Энэ удаад зохион байгуулагч орон болох Японы багаас 397 тамирчин өрсөлдөхөөр болсон байна.