Уншиж байна ...

Гурван жилийн дараа ашиглалтад орох Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэрийг $206 саяар барина

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 11 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэл Улаанбаатар хотын хүн амын төвлөрөл, бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ жилээс жилд өргөжиж, иргэдийн орлого, хэрэглээ нэмэгдэхийн хэрээр хог хаягдал ихсэж, өдөрт 1,500 гаруй тонн хог хаягдал ялгардаг байна. Хэрэв ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол 2040 он гэхэд хоногт 2,915 тонн шатах хог хаягдал гарч, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх урьдчилсан төлөв гарчээ. Иймээс төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд “Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр”-ийг нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Морингийн давааны 10 га газарт барихаар болоод буй.

Төслийн гүйцэтгэгчээр “Рэншоу Сычуань эрчим хүчний хөрөнгө оруулалт, байгаль орчныг хамгаалах” компани шалгарсан юм. Тус компани нь хог шатааж эрчим хүч гаргах 12 үйлдвэр барьсан туршлагатай аж. “Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” нь өдөрт 1,500 тонн хог хаягдал шатааж, жилдээ 210 сая киловатт.цаг буюу 35 мегаваттын цахилгаан эрчим хүч үйлдвэрлэнэ. Энэ нь ойролцоогоор 2,333 өрхийг цахилгаанаар хангах хэмжээний хүчин чадал юм.

Төслийн нийт хөрөнгө оруулалт 206.5 сая ам.доллар бөгөөд бүтээн байгуулалтыг 30 сарын хугацаанд гүйцэтгэхээр төлөвлөсөн байна. Үйлдвэр ашиглалтад орсноор 86 байнгын ажлын байр, бүтээн байгуулалтын үед 300 гаруй түр ажлын байр бий болох бөгөөд монгол инженер, техникийн ажилтнуудыг сургаж, чадавхжуулах сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Үйлдвэр 2028 онд ашиглалтад орсноор Улаанбаатар хотын нийт хог хаягдлын 31.8 хувийг шатааж устгах боломж бүрдэнэ гэж тооцоолсон байна.

Үүнтэй зэрэгцэн төвлөрсөн хогийн цэгт булагдаж буй хогийн хэмжээ буурч, хүлэмжийн хийн ялгарал жилийн 106 мянган тонн нүүрсхүчлийн хийгээр багасна. Технологийн хувьд олон улсын стандартад нийцсэн, байгальд хор нөлөөгүй, утаа, үнсийг найман шатлалт шүүлтүүрээр цэвэршүүлдэг “SNCR” хосолсон шүүлтүүрийн систем ашиглана. Хагас хуурай, хуурай процесс, идэвхжүүлсэн нүүрс шахах болон уутан шүүлтүүрийн систем нь утаа, тоосжилт, хорт бодисыг бүрэн шүүж, байгальд ээлтэй ажиллагааг хангах юм гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлжээ.