Их Британийн хамгийн баян гэр бүлийн тэргүүн Гопичанд Хиндужа 85 насандаа таалал төгсжээ.
Түүний гэр бүлийн хөрөнгийн эх үүсвэр нь банк санхүү, хэвлэл мэдээлэл, энтертайнмэнт, газрын тос зэрэг 11 салбарт үйл ажиллагаа явуулдаг Энэтхэгийн Hinduja Group юм.
Тус групп дэлхий даяар 200,000 орчим ажилтантай.
Ноён Хиндужа аавынхаа нэхмэл эдлэл, худалдааны жижиг бизнесийг Энэтхэгийн хамгийн том компаниудын нэг болгож чадсан юм.
Тэдний гэр бүлийн хөрөнгийн хэмжээг хамгийн сүүлд Sunday Times сонин 35.3 тэрбум фунт стерлинг ($45.9 тэрбум) гэж тооцоолсон байдаг.
Энэ нь Их Британийн баян гэр бүлүүдийн жагсаалтыг тэргүүлэх үзүүлэлт юм.
2024 онд Форбс сэтгүүл Энэтхэгийн хамгийн баян 100 бизнесмэний жагсаалтын 11 дүгээрт Хиндужагийн гэр бүлийг нэрлэж байжээ.
Ноён Хиндужа бол гэр бүлийн бизнесээ олон арван жилийн турш удирдсан ах дүү дөрвийн дээрээсээ хоёр дахь нь юм.
Тэдний хамгийн ахмад нь болох Сричанд 2023 онд 87 настайдаа таалал төгсөж байв.
Хамгийн залуу нь болох Ашок одоо бизнесийнхээ Энэтхэг дэх үйл ажиллагааг удирддаг байна.
Тэдний гэр бүл бас Лондон хотод томоохон үл хөдлөх хөрөнгүүд эзэмшдэг.
Хиндужа нь олны нүдэнд өртөлгүй даруухан амьдардаг байсан хүн. Гэхдээ 2001 онд тэр Их Британийн нэг парламентын гишүүний удирддаг буяны санд нэг сая фунт стерлинг хандивласныхаа хариуд дүү Пракашдаа иргэний харьяалал авахыг хүссэн гэх дуулианд холбогдож байжээ.
Энэ дуулианд нэр холбогдсон Лорд Питер Манделсон парламентын гишүүний суудлаасаа огцорч байв. Гэхдээ шүүх энэ дуулианы мөрөөр шалгаад Хиндужаг буруугүй гэж дүгнэж байжээ.
Дүү Пракаш нь Женев дэх гэртээ үйлчилдэг ажилчны хөдөлмөрийг мөлжсөн хэргээр өнгөрсөн онд эхнэр, хүү, бэрийн хамт Швейцарын шүүхээс ял сонсож байжээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!