Төрийн байгуулалтын болон Өргөдлийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцэв.
Нийтийн өргөдөл гомдлын цахим систем D-Petition-д иргэн Ц.Батболдын санаачилсан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсэгт “Хэрэв гишүүн бүрэн эрх дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, бага цалинтай ажилд орсон бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж, ...олгоно” гэснийг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлах цахим өргөдөлд 100 мянган иргэн гарын үсэг зурсан учир уг өргөдлийг холбогдох байнгын хороогоор хэлэлцэхээр болсон юм.
Зарим гишүүн 12 сар хүртэл хугацаанд үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгож байгааг өнөөдрийн хуралдаанаар шууд хэлэлцээд, болиулъя гэдэг санал гаргасан. Гэвч Монгол Улсын Их Хурлын дэгийн тухай хуульд иргэдийн гаргасан өргөдлийн дагуу ажлын хэсэг байгуулан судалж, хэлэлцэх дэгтэй байдаг аж. Тиймээс энэ асуудлыг шууд шийдэх боломжгүй, ажлын хэсгийн судалгаа, дүгнэлтийг үндэслэж дээрх заалтыг хүчингүй болгох эсэхийг хэлэлцэх ажээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд болон өргөдөл гаргагч иргэн Ц.Батболд дараах байр суурийг илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Энэ асуудал дээр ажлын хэсэг байгуулах нь зөв байх. УИХ-ын гишүүн төрийн түшээ хүний байр суурьтай байдаг баймаар байна. Сүүлийн үед гудамжны популизм хэтэрхий их хийдэг болж. Бараг цалингүй ажиллая гэх ухааны юм ярьж эхэлж байна. Энэ баян хүний жаргаж цэнгэдэг газар биш. Энд төр улсаа авч явах хүмүүс цугладаг. Тийм баян байгаа бол өргөдлөө өгөөд зайл.
Өнөөдрийн хэлэлцэж байгаа асуудал төрийн нууцтай холбоотой. Ийм асуудал Х.Жекейгийн үед гарсан юм. Төрийн онц нууцтай харилцаж байсан хүмүүс өөр улсын иргэн болох, гадаад руу гарах, гаднын компанийн зөвлөх болох, төрийн нууцыг худалдах асуудлууд байсан учраас зориуд нэг жилийн хугацаагаар, нууцыг хадгалах зорилгоор УИХ-ын гишүүдийг цалинжуулж, төрийн өмнө үүрэг хүлээлгэдэг юм. Үүнийг тайлбарлахгүйгээр популизм хийж байна.
Төрийн нууцтай дөрвөн жил харилцаж байгаа хүмүүсийг төр хариуцлага ярьж, цалинжуулаад, нууц хадгалах үүргийг нь хүлээлгэж байгаа юм.
Харин гэрээг нь чангатгах асуудал байж болох юм. Төрийн нууцыг хамгаалах зорилгоор УИХ-ын гишүүнийг чөлөөлөгдсөнийхөө дараа ийм, ийм үйлдэл хийж болохгүй гэж зааж өгөх хэрэгтэй. Ер нь энэ хугацаанд гаднын компанийн зөвлөх хийхийг нь ч хорих хэрэгтэй.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Миний мэдэхээр 1990-1992 оны Улсын бага хурлын гишүүд бүгд орон сууцтай болж байсан. 1992 оноос хойших орон нутгаас сонгогдсон гишүүд орон сууцны асуудлаа шийдүүлдэг. Сүүлд орон сууц өгч чадахгүй болохоор дэмжлэг үзүүлдэг болсон.
УИХ-ын гишүүд илүү эрхтэй хүмүүс биш. Илүү ачаа үүрч, илүү хариуцлага хүлээх ёстой хүмүүс. Бид улс орныхоо эрх ашгийн төлөө, ард иргэдийнхээ төлөө өдөр шөнөгүй нойр хоолгүй, чөмгөө дундартал зүтгэнэ гэж амлаж байгаад иргэдийн саналыг авдаг. Ингэснийхээ төлөө илүү эрх эдлэх гээд байх хэрэггүй байх. Тиймээс иргэдийн гаргасан саналыг дэмжиж байна.
Өөрсдөө дурлаж гишүүн болчхоод би илүү эрх эдэлмээр байна гэх нь зохимжгүй. Бидэнд тойрогтоо ажиллах, сонгогчидтой уулзах, хууль санаачлах тодорхой төсвүүд байдаг. Энэ хүрээндээ л үйл ажиллагаа явуулах нь зохимжтой байх.
Өргөдөл гаргагч иргэн Ц.Батболд: Тэтгэмжийг УИХ-ын гишүүн ийм хэмжээнд ойлгож байгаад харамсаж байна. Ажилгүйдлийн тэтгэмж өөр байдлаар тайлбарлагддаг.
Тэтгэмж бол эрх үүссэн даатгуулагчийн хөдөлмөрийн чадвараа түр алдах, жирэмсний болон ажилгүй болох үед түүнд өөрт нь болон нас барсан тохиолдолд ар гэрийн гишүүдэд нь олгодог мөнгөн халамжийг хэлдэг.
Одоо мөрдөж байгаа хуульд “Гишүүн ажил эрхлээгүй бол” гэж байгаа учраас ажилгүйдлийн тэтгэмж гэж ойлгохоос өөр хууль зүйн ойлголт байхгүй.
Та бүхэн жирийн иргэдэд зориулж хууль батлахдаа ажилгүйдлийн тэтгэмжийг ажилласан жилээс хамаарч сүүлийн есөн сарын хугацаанд авсан цалингийн 50-70 хувийг авна гэж хуульчилсан.
Харин өөрсдөдөө зориулж баталсан хуульд УИХ-ын гишүүн дахин сонгогдоогүй бол 12 сарын хугацаанд 100 хувиар авна гэсэн байгаа. Цалингийн зөрүүтэй ажилд орвол зөрүүгээ авч байгаа. Мөн орон нутаг руугаа буцвал ачаа тээшээ татвар төлөгчдийн мөнгөөр зөөнө гэдэг заалт байна.
Эдгээр заалт нь цаашилбал Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн хоёр заалтыг зөрчиж байгаа.
УИХ-ын гишүүн дахин сонгогдохгүй бол гудамжинд гарах гээд байна гэнэ үү. Яг гудамжинд гарч харагдаач.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: Өргөдөл гаргагч 12 сарын тэтгэмжийг бөөнд нь авдаг мэтээр яриад байна. Тийм биш юм байна.
Гишүүн байсан хүн таван сарын дараа ажилтай боллоо гэхэд тэтгэмж нь зогсдог. Энэ хугацаанд сар, сардаа тэтгэмжээ аваад явдаг. Нийт олгогдох хугацаа нь 12 сар. Нэг сарын дараа ажилд орлоо гэхэд тэтгэмж нь олгогдохгүй болно. Бага цалинтай ажилд орвол зөрүүг нь олгодог. Төрийн өндөр албан тушаалтнуудад хуулиар олгогдсон давуу боломжуудыг арилгах нь зүйтэй.
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал: Иргэн Ц.Батболд энэ асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандаад, Бага суудлын хуралдаанаар маргаан үүсгэхээс татгалзсан юм байна.
ҮХЦ-ийн Бага суудлын хуралдаанаас энэ асуудлыг Монгол Улсын Их Хурлын бүрэн эрхийн асуудал гэж үзсэн. Төрийн өндөр албан тушаалтнуудад хуулиар олгогдсон давуу боломжуудыг арилгах нь зүйтэй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!