ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/10/17-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлийн Налуу-Ухаа эдийн засгийн тусгай бүс дэх ААН-үүдийн цахилгаан, дулааны зардлыг 30-50% хөнгөлөхөөр болов

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 10 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

НИТХ-ын ээлжит V хуралдаанаар Тусгай бүсэд үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгжүүдийг урамшуулах, татварын бус дэмжлэг үзүүлэх журмыг батлав.

"Тусгай бүсэд үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгжүүдийг урамшуулах, татварын бус дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны журам нь нийслэлийн эдийн засгийн тусгай бүсэд үр дүнтэй, эдийн засагт ач холбогдол бүхий үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжийг урамшуулах, тэдгээрт татварын бус дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаатай холбоотой үүсэх харилцааг зохицуулах зорилготой" гэж нийслэлийн ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр танилцуулсан юм.

Харин батлагдсан журмын талаар Нийслэлийн "Налуу-Ухаа" эдийн засгийн тусгай бүсийн захирагч, НИТХ-ын төлөөлөгч Д.Отгонсүрэн "Эдийн засгийн тусгай бүсэд ажиллаж байгаа ААН-үүдэд татварын бус хөнгөлөлт олгох журмыг баталлаа. Тухайн бүсэд үйл ажиллагаа эрхэлж байгаа ААН, байгууллагуудын 10 хүртэлх хувьд цахилгаан эрчим хүчний болон дулааны зардлыг 30-50 хувиар  хөнгөлөхөөр боллоо. Энэхүү журмаар зохицуулсан зардлыг Нийслэлийн Засаг даргын тухайн оны төсөвт суулгаж, аж ахуйн нэгжийг онооны системээр үнэлээд, урамшуулах юм" хэмээн тайлбарлалаа.

Эдийн засгийн тусгай бүсэд үйл ажиллагаа эрхэлж байгаа ААН-үүдэд үзүүлэх татварын бус дэмжлэгүүд:

  • Цахилгаан, дулаан, түрээсийн төлбөрийг тодорхой хугацаанд хөнгөлөх
  • Тоног төхөөрөмжийн түрээсийн төлбөрийг хөнгөлөх
  • Үйл ажиллагаатай нь холбоотой газрыг эзэмшүүлэх, ашиглуулах
  • Бизнес эрхлэхэд шаардагдах баримт бичиг, зөвшөөрөл, шаардлагуудыг хялбаршуулах
  • Хөнгөлөлттэй зээл олгох, хүний нөөцийнх нь чадавхыг нэмэгдүүлэх
  • Гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний тоо, хэмжээг нэмэгдүүлэх, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх
  • Экспортод чиглэсэн санхүүжилтэд батлан даалт гаргах
  • Олон удаагийн орж гарах виз болон байнга оршин суух зөвшөөрөл олгох
  • Бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний борлуулалтад худалдан авалтаар дэмжлэг үзүүлэх;
  • Бизнесийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх
  • Техник, технологи дамжуулах, нутагшуулах, үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
  • Үйл ажиллагааг нь сурталчлах, дотоодын болон ОУ-ын үзэсгэлэнд оролцох зардлаас чөлөөлөх
  • Тухайн бүс доторх нийтийн тээврийн хураамжаас чөлөөлөх гэх мэт.

Эдийн засгийн тусгай бүсийн тухайд: 2024 онд Засгийн газраас нийслэлийн “Налуу-Ухаа” эдийн засгийн тусгай бүсийг Налайх дүүргийн 3, 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байгуулах шийдвэр гарч, хотын дарга Х.Нямбаатар тус бүсийн захирагчаар НИТХ-ын төлөөлөгч Д.Отгонсүрэнг батламжлан энэ оны дөрөвдүгээр сард тамга, тэмдгийг нь хүлээлгэж өгчээ.