Уншиж байна ...

Г.Ялалт: Нийслэлийн хэмжээнд цэрэг татлагыг аравдугаар сарын 17-19-ний өдөр зохион байгуулна

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 10 сарын 13
iKon.MN
Зураг зураг
iKon.mn

Нийслэлийн хэмжээнд 2025 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагыг энэ сарын 17, 18, 19-ний өдөр зохион байгуулахаар болжээ.

Энэ талаар НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт "Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд иргэнийг хугацаат цэргийн албанд татах хоёрдугаар ээлжийн цэрэг татлагын үйл ажиллагааг аравдугаар сарын 17, 18, 19-ний өдөр зохион байгуулахаар боллоо.

Энэ удаагийн цэрэгт татлагад иргэнийг эрүүл мэндийн үзлэгт хамруулахад ач холбогдол өгч байна. Тухайлбал Баянзүрх дүүргийн хэмжээнд цэрэгт татагдах 2,000 орчим иргэнийг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд бүрэн хамруулахыг зорьж байна. Ингэснээр цэргийн насны залуусын эрүүл мэндийн байдал ямар түвшинд байгааг тогтоох дүн шинжилгээг хийнэ.

Бусад дүүргийн хэмжээнд ч цэрэгт татагдах залуусыг эрүүл мэндийн үзлэгт хамруулна. Цэрэгт тэнцсэн иргэдээс ямар мэргэжилтэй болох талаар судалгаа авч, сонирхлын дагуу мэргэшүүлнэ. Жишээ нь тухай орон нутагт МСҮТ байвал оёдолчин, үсчин, гагнуурчин мэргэжлээр курс ажиллуулж, богино хугацаанд хавсарсан байдлаар эдгээр мэргэжлийг эзэмшүүлэх юм. Үүний зэрэгцээ хугацаат цэргийн үндсэн мэргэжлийг суралцах ёстой. Харин цэрэгт татагдсан иргэн тухайн мэргэжлээрээ ажиллаж байсан бол шат ахиулах боломжийг судалж байна.

Өнгөрсөн жил цэргийн албанд татагдсан иргэдэд англи хэлний мэдлэг, жолоочийн мэргэжил олгосон нь үр дүнгээ өгсөн юм.  Хугацаат цэргийн алба хааж байхдаа жолооны курсэд суралцахад анхаарлын төвлөрөл сайн байдаг. Ингэснээр сайн жолооч нар бэлтгэгдсэн гэж багш нар хэлж байгаа.

Иргэнийг зөвхөн цэргийн алба хаалгах биш, давхар мэргэжил эзэмшүүлэх зорилго тавьж байгаа юм" хэмээн мэдээллээ.

Хугацаат цэргийн албанд татагдах иргэн найман төрлийн шинжилгээ хийлгэж, эрүүл мэндийн үзлэгт орох юм байна.

Цэрэг татлагын байранд авч очих баримт бичгүүд:

  1. ​Иргэний үнэмлэх
  2. Цэргийн үүрэгтний үнэмлэх
  3. Мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэх
  4. Сургууль төгссөн бол диплом.

Нийслэлийн есөн дүүрэг дэх цэрэг татлагын байрууд:

  1. ​Баянгол дүүргийн 96 дугаар сургууль
  2. Баянзүрх дүүргийн - 14 дугаар сургууль
  3. Сүхбаатар дүүргийн - 3 дугаар сургууль
  4. Сонгинохайрхан дүүргийн - 83 дугаар сургууль
  5. Чингэлтэй дүүргийн - 5 дугаар сургууль
  6. Хан-Уул дүүргийн - 34 дугаар сургууль
  7. Налайх дүүргийн - Налайх политехник коллеж
  8. Багануур дүүргийн - Гүн галуутай цогцолбор сургууль
  9. Багахангай дүүргийн - Хангай цогцолбор сургууль дээр тус тус зохион байгуулна.