Хан-Уул дүүрэг, Яармагийн Арцат буудлаас Нэгдүгээр хорооллын Хархорин зах хүртэл дүүжин тээврийн замыг угсрах ажил энэ оны гуравдугаар сард эхэлж, тав дахь тулгуур баганыг суурилуулаад буй.
Уг тээврийн эд ангиудын чанар, аюулгүй байдлын талаар Нийслэлийн нэгдсэн төслийн удирдлагын газраас "Дүүжин замын тээврийн систем нь 98 кабинтай, оргил цагийн үед 2,320 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай байх юм. Тээврийн үйл ажиллагааг аюулгүй системээр бүрэн хангах хүрээнд дэлхийд тэргүүлэгч Пома группээс эд ангиудыг 100 хувь нийлүүлж, угсралтыг Франц инженерүүд удирдан гүйцэтгэж байна.
Энэхүү тээврийн замд 8 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй HRB500E загварын арматурыг ашиглаж байгаа юм. Тээврийн аюулгүй ажиллагааг хангахын тулд нийт 216 ширхэг бүхий ган татлага ашиглах бөгөөд энэ нь техникийн нөхцөл, стандартын шаардлагыг бүрэн хангасан технологи. Өвлийн улиралд мөс цасанд дарагдах эрсдэлийг бууруулах зорилготой тусгай мөс хусагч төхөөрөмжөөр тоноглогдсон.
Тулгуур баганын хамгийн өндөр нь 42 метр байх тул гангийн загварыг L360M-PSL2, суурь бетоны загварыг С30, арматурыг HRB500E зэрэг өндөр чанартай, бат бөх материал сонгон ашиглаж байна. HRB500E загварын арматур нь гангийн өндөр хатуулагтай, газар хөдлөлтийн 8 баллын ачаалалд тэсвэртэй.
Дүүжин замын тээвэр нь тог тасарсан тохиолдолд зогсолтгүй ажиллах нөөц генератораар тоноглогдсон. Энэхүү систем нь зорчигчдыг аюулгүй буулгах горимтой, хүндрэлээс урьдчилан сэргийлэх боломжтой.
Төслийн барилга угсралтын ажил дууссаны дараа гурван сарын турш туршилт, тохируулга, зүгшрүүлэлтийг хийнэ. Энэ үеэр ачааллын туршилт хийхдээ зорчигч тээвэрлэхгүй. Харин оронд нь тухайн кабины багтаамжтай дүйцэх жин бүхий ус, шуудайтай элс ашиглана. Нэг кабинд 10 хүн суух боломжтой бөгөөд туршилтын үеэр 850 кг жинтэй элс, усаар орлуулж шат дараалалтайгаар турших юм" гэж танилцууллаа.
Төслийг 40-өөс дээш жилийн хугацаатай, жилийн 0.0078%-ийн хүүтэй, 316 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний еврогийн Франц улсын нэн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж байгаа билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!