Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

О.Энхбаатар: Зайсан, Шадивлан, Их Монгол Улсын гудамжны явган хүний замын заримыг өргөсгөж, асфальт бетоноор хучиж байна

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 9 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Нийслэл хотын зарим байршлын явган хүний замыг өргөсгөх, асфальт бетоноор хучих зэрэг засвар, арчлалтын ажлыг эхэлжээ.

Энэ талаар Нийслэлийн Замын Хөгжлийн Газрын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатар ”НЗХГ-аас Зайсангийн гудамжны авто зам болон явган хүний замыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албатай хамтран шинэчлээд байна. Тус явган хүний зам өмнө нь 1-1.5 метрийн өргөнтэй байсныг 4-6 метр болгон өргөсгөж, асфальт бетоноор хучиж шинэчилсэн.

Шадивлан дахь 5.3, Нийслэл хүрээ өргөн чөлөөний хоёр талын 1.6, Их Монгол Улсын гудамжны 1.8 километр явган хүний замыг асфальт бетоноор шинэчиллээ. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй, нярай хүүхэдтэй эцэг, эхчүүд, дугуй, мопедтой иргэдэд хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлж байна.

Элчингийн гудамж, Токиогийн гудамж, Хатанбаатар Магсаржавын гудамж зэрэг байршилд явган хүний зам шинэчлэлийн ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэнэ” гэж мэдээллээ.

Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны Хүртээмжийн үнэлгээний ажилтан Н.Эрдэнэтөгс “Асфальт бетоноор шинэчлэл хийснээр зам нь нэг түвшинд болж, тэргэнцэртэй иргэд явахад илүү хүртээмжтэй болсон байна. Үүнээс гадна явган хүний зам, авто замын огтлолцол хэсгийн стандарт, хараагүй иргэдийн хөтөч хавтангийн товрууны стандарт зэргийг хангаж ажиллахад Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооноос уялдаатай ажиллаж байна. Тодруулбал Монголын хараагүйчүүдийн холбооны төлөөлөлтэй хамтран шинэчлэгдсэн замуудад өөрсдийн биеэр явж үзэж байна” гэв. 

Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны Брайл хэвлэлийн төвийн ажилтан Ц.Отгонбаатар “Явган хүний зам дээр машин тавьж, замын чанар алдагдуулах нь хараагүй иргэдийн хүртээмжтэй байдалд хамгийн ихээр нөлөөлдөг. Скүүтер, мопедийг замбараагүй байрлуулах нь хараагүй иргэд зорчиход саад учруулдаг. Тиймд иргэдийг ухамсартай хандахыг уриалж байна” хэмээн ярилаа.