Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/01-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Одбаяр: Авто замын нүхэн эвдрэлийг нөхөх ажил аравдугаар сарын 30-н хүртэл үргэлжилнэ

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 9 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ онд хийгдсэн авто замын засвар шинэчлэлийн ажлын талаар өнөөдөр мэдээлэл өглөө.

Нийслэлийн Замын Хөгжлийн газрын дарга Б.Одбаяр "Нийслэл хотын 42 байршилд 92 километр авто замыг шинэчлэн засварлахаар төлөвлөсөн. Өнөөдөр буюу 2025 оны есдүгээр сарын 1-ний байдлаар авто замын засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууссан. Энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс өнөөдрийг хүртэлх хугацаанд 92 километр авто замыг шинэчлэн засварлалаа.

Дэлхийн Банкны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа Өнөр хорооллын арын 2.8 километр, Геологийн төв лабораториос Баянхошууны эцэс, Жанцангийн уулзвар хүртэлх 5.2 километр авто замыг ирэх онд барьж дуусна. Энэ жил төлөвлөсөн авто замын барилгын ажлын 80 хувийг бүрэн дуусгасан бол 20 хувийг он дамжин хэрэгжүүлнэ.

Цагаан даваа, Морингийн давааны хогийн цэг хүртэлх, 3,4 дүгээр хорооллоос Содон хорооллын уулзвар хүртэлх 3.2 километр, Ажилчны гудамжны замыг өргөтгөж, шинээр барьж байгаа юм. Шинэ замуудыг аравдугаар сарын 30-нд барьж, дуусгана.

Одоо авто замын нүхэн эвдрэлийг нөхөх, ус зайлуулах хоолойн шугамыг шөнийн цагаар угсарч байгаа бөгөөд аравдугаар сарын 30-н хүртэл үргэлжилнэ.

Явган хүний замыг шинэчлэх ажил үргэлжилж байна" гэлээ.

2024 оны есдүгээр сараас эхлэн нэг жилийн хугацаанд нийслэл хотын гол гудамжны 272 километр авто замаас 232 километрийг шинэчлэн засварласан бол ирэх жил 10 байршлын авто замыг шинэчлэх гэнэ.