Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

Балтийн тэнгис дэх Оросын газрын тосны гол боомт дроны халдлагын дараа бүрэн хүчин чадлаараа ажиллахгүй болжээ

Т.Давааням, ikon.mn
2025 оны 9 сарын 16
iKon.MN

Оросын баруун бүсийн хамгийн том газрын тосны боомт болох Балтийн тэнгисийн эргийн Приморск боомт Баасан гарагийн шөнө Украины нисгэгчгүй онгоцны халдлагад өртсөн юм.

Халдлагын дараа тус боомт үйл ажиллагаагаа сэргээсэн ч бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжгүй болсныг салбарын хоёр эх сурвалж мэдээлжээ.

Тухайлбал өнгөрсөн амралтын өдрүүдэд Приморск боомт ердөө хоёрхон танкерт газрын тос ачсан байна.

Наймдугаар сард тус боомт өдөрт дунджаар 970,000 баррель газрын тос ачдаг байсан нь Оросын нийт далайгаар экспортолдог газрын тосны 30 орчим хувийг бүрдүүлж байжээ.

Энэ үед долоо хоног бүр 150,000 тонн хүртэл багтаамжтай 9-11 танкер Приморскоос хөдөлдөг байсан байна.

Өнгөрсөн Баасан гарагт Ленинград муж Украины нисгэгчгүй онгоцны халдлагад өртсөн юм. Хамгийн багадаа 30 дрон уг халдлагад оролцсоныг мужийн захирагч Александр Дрозденко тухайн үед мэдээлж байв.

Энэ үеэр Приморск боомтод байрлаж байсан Сейшелийн арлуудад бүртгэлтэй Kusto, Cai Yun нэртэй хоёр танкер шатсан юм.

Балтийн өөр нэг боомт Усть-Луга мөн дроны халдлагад өртөж, газрын тос шахагч гурван станц нь гэмтсэн байна. Энэ боомт наймдугаар сарын сүүлээр Украины дроны халдлагад өртсөний улмаас хүчин чадлынхаа талаар ажилладаг болоод байсан юм.

Балтийн боомтуудаар Оросын газрын тосны экспортын 60 орчим хувь дамждаг.

Эдгээр боомтууд голдуу Урал төрлийн газрын тосыг дайны өмнө Европын орнуудад экспортолдог байсан бол одоо ихэвчлэн Энэтхэгийн зах зээлд нийлүүлдэг болжээ.

 

Эх сурвалж: Reuters