ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

Замби улсын ерөнхийлөгчийг хорлох зорилгоор хараал жатга үйлдсэн хэрэгт хоёр хүн шийтгүүлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 9 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Замби улсын ерөнхийлөгч Хакаинде Хичилемагийн амийг хөнөөхийн тулд хараал жатга үйлдсэн хэргээр хоёр хүн шүүхээс ял сонсжээ.

Тосгоны ахлагч Леонард Пири, Мозамбик улсын иргэн Жастен Мабулесе Кандунде нар ийм зан үйл хийж байгаад өнгөрсөн оны арванхоёрдугаар сард бусдын өгсөн мэдээллийн дагуу цагдаа нарт баривчлагдсан юм байна.

Тэднээс амьд хамеолон гүрвэл, улаан өнгийн бөс даавуу, үл мэдэгдэх цагаан нунтаг бодис, амьтны сүүл зэрэг зүйлсийг тухайн үед илрүүлж байжээ.

“Гэмт хэргийн сэдэл нь төрийн тэргүүний амийг хөнөөх байсан. Тэд төрийн тэргүүний төдийгүй бүх замбичуудын дайсан байсан” гэж шүүгч Файн Маямбу тэдэнд ял оноох шийдвэрийг танилцуулахдаа хэлсэн байна.

Хараал жатга үйлдсэн этгээдүүдэд хүнд хөдөлмөрийн дэглэмтэй шоронд хоёр жил хоригдох ял оноожээ.

Дээрэм, хүн амины хэрэг үйлдэхийг завдсан, цагдан хорихоос зугтсан хэргээр одоо шүүгдэж байгаа сөрөг хүчний парламентын гишүүн Эммануэл Бандагийн ах тэднийг ерөнхийлөгчийг хорлуулахаар хөлсөлснийг прокурорууд мөрдөж тогтоосон гэнэ.

Британийн колоничлолын үеийн хуульд ид шид, хараал жатга үйлдэхийг гэмт хэрэгт тооцдог байжээ.

Ерөнхийлөгч Хичилема хуучны энэ хуулийг ашиглан хүмүүсийг шийтгэсэн нь түүний дарангуйлал улам нэмэгдэж байгаагийн илрэл гэж сөрөг хүчнийхэн шүүмжилж байна.

Human Rights Watch байгууллага 2024 оны хүний эрхийн тайландаа “Ерөнхийлөгч Хакаинде Хичилемагийн засгийн газрын дарангуйллын хандлага улам бүр нэмэгдэж байна. Эрх баригчид сэтгүүлчид, залуучуудын байгууллагын идэвхтнүүд, улс төрийн сөрөг хүчний удирдагчдыг дарамталж, шүүмжилснийх нь төлөө айлган сүрдүүлдэг болсон” гэж бичжээ.

Өнгөрсөн зургаадугаар сард Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад Замбийн өмнөх ерөнхийлөгч, одоогийн ерөнхийлөгчийн хүчтэй өрсөлдөгч байсан Эдгар Лунгу нас барсан юм. Гэр бүлийнхэн нь Лунгугийн шарилыг эх оронд нь авчирч, төрийн ёслол хүндэтгэлийн дагуу оршуулах асуудлаар Хичилемагийн засгийн газартай маргаантай байгаа.

Энэ үеэр Хичилема өмнөх ерөнхийлөгчийн шарилыг нууц зан үйлд ашиглах гэж байж болзошгүй гэсэн цуурхал Замбид тарсан юм.

“Би хувь хүнийхээ хувьд, гэр бүлтэй хүнийхээ хувьд, загалмайн шашинтныхаа хувьд шулмын ид шид, хараал жатгад итгэдэггүй” гэж тэр өнгөрсөн сард “Africa Here & Now” подкаст нэвтрүүлэгт оролцохдоо дээрх цуурхлыг няцааж байжээ.

 

Эх сурвалж: AFP