"Содон” хорооллын уулзвараас ГССҮТ-ийн уулзвар хүртэлх зам, гүүрэн байгууламжийн ажлын явцын талаар өнөөдөр танилцуулав.
Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас "Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох 3.2 километр, зургаан эгнээ авто замаас эхний 2.4 километр замыг тавьж, хөдөлгөөнийг бүрэн нээсэн. Төслийн нийт ажлын гүйцэтгэл 80 гаруй хувьтай үргэлжилж байна.
Одоо үлдсэн 800 метр замыг барьж байгаа юм. Хэрэгцээт бүх материалыг авсан. Өнөөдрийн байдлаар дулааны шугамыг шилжүүлэх, тулц ханыг бетоноор цутгах ажлыг гүйцэтгэж байна. Эдгээр ажлыг энэ оны аравдугаар сарын 30-н гэхэд дуусна" гэв.
Барилгын ажлыг гүйцэтгэгч "Монгол зам" группийн ерөнхий инженер Б.Нямдагва "Авто замыг барих талбай дээр газар шорооны ажлын гүйцэтгэл 95 гаруй хувьтай байна.
Харин хиймэл байгууламжууд буюу тулц хана, гүүрэн байгууламжийн ажлыг үе шаттайгаар хийж байгаа. “Зам 1”-ийн тулц ханын ажил бүрэн дууссан. Дулааны шугамын худгийн ажлыг өнөөдрөөс эхлэн 2-3 хоног гүйцэтгэж дууссаны дараа авто замыг хучиж, хөдөлгөөнийг нээнэ. “Зам 1” нь 3, 4 дүгээр хороолол буюу Ард Аюушийн өргөн чөлөөнөөс Толгойтын авто замтай холбогдож буй хэсэг юм.
“Зам 2” нь эсрэг урсгалын гүүрэн байгууламж бөгөөд нийт 125 метр урт газарт тулц хана барьж байгаа, 21 хоногт гүйцэтгэж дуусгана.
Гүүрэн доогуурх Ард Аюушийн өргөн чөлөөний хөдөлгөөнийг одоогийн байдлаар шороон замаар нээсэн. Нийт 3.2 км авто зам нь долоон орц, гарц, 240 метр үерийн далан, 44 метр хөндлөн ус зайлуулах хоолойтой баригдаж байна” гэж танилцууллаа.
Нийт 3.2 км тус авто зам нь “Содон” хорооллын уулзвараас 3, 4 дүгээр хороолол, Саппорогийн уулзварын замтай нийлэх юм байна. Уг авто зам, гүүрэн байгууламж ашиглалтад орсноор Энхтайвны өргөн чөлөөний баруун хэсгийн ачааллыг 30-50 хувиар хуваалцах боломжтой гэж тооцоолсон байна.
Нийслэлийн төсвийн хөрөнгөөр гурван жилийн өмнө буюу 2022 онд авто замыг барьж эхэлжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!