Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/27-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Одбаяр: Энхтайвны гүүрийг ирэх онд шинэчлэн засварлах үеэр автомашинуудыг түр гүүрээр зорчуулна

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 8 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энхтайвны гүүрийг 1958 онд Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламжаар барьжээ. Гүүрийг ирэх онд засварлахаар болсон байна.

Энэ талаар Нийслэлийн Замын Хөгжлийн Газрын дарга Б.Одбаяр "Энхтайвны гүүр 1958 онд ашиглалтад орсон. 2006 онд Хятадын Засгийн газрын хүрээнд гүүрний дам нуруу болон тулгуур баганыг хүчитгэж, засварласан бол 2020 онд явган хүний зам, авто замын зорчих хэсэгт засварууд хийсэн байдаг. Гэвч таван жилийн өмнө хийсэн засварууд ашиглалтын шаардлага хангахгүй байгаа юм. Хийцлэлийн хувьд явган хүний зам доогуураа хөндий, холбооны кабелууд, шон суурилуулсан учраас ус зайлуулах систем хангалтгүй байгаа юм. Энэ хэсэгт бетон цутгах гэхээр байнгын ачаалал нэмэгдэх тул гүүрийг бүрэн шинэчлэхээр шийдвэрлэж, зураг төсвийг боловсруулах тендер зарлаж "ДБЭТ" компани шалгарсан.

Энхтайвны гүүрийг шинэчлэх зураг төсвийг боловсруулах ажлын явц өнөөдрийн байдлаар 60%-д хүрч, энэ оны аравдугаар сарын 30-н гэхэд дуусгахаар ажиллаж байна.

Ирэх оны төсөвт тус гүүрийг засварлах хөрөнгийг тусгаж, засварлан шинэчлэх ажлыг эхлүүлнэ. Энхтайвны гүүрний хөдөлгөөнийг хааж засварлах үеэрээ түр гүүрэн байгууламж барьж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоохгүй байхаар төлөвлөсөн.

Гүүрний насжилт 50-60 жил байдаг бол Энхтайвны гүүрний дам нуруу болон суурийг засварласнаас өөр ажил хийгдээгүй 68 жил болсон байна" гэж өнөөдөр/2025.08.27/ мэдээлэв.

Энэ оны авто зам засварын тухайд "Нийслэлд 42 байршилд авто замын засвар, шинэчлэлийн ажил хийгдэж дуусах шатандаа явж байна. Удирдлагын академийн замыг зассанаар энэ оны засварын ажил дуусна.

Харин авто замын арчлалт өдөр тутамд хийгдэж байна. Дүүргүүдэд хэрэгжиж байгаа 97 байршлын ажил аравдугаар сарын 30-нд дуусна" гэлээ.