Apple компани уламжлал ёсоор сар хүрэхгүй хугацааны дараа iPhone ухаалаг гар утасныхаа шинэ загварыг зах зээлд танилцуулах гэж байна.
Үүнтэй холбоотойгоор шинэ бүтээгдэхүүний талаар баталгаагүй мэдээллүүд цацагдаж эхлээд байгаа.
Apple компанийн хувьд албан ёсны нээлтийн өдөр хүртэл бүх мэдээллийг нууцалдаг.
Тэгвэл мэргэжилтнүүдийн дунд тарсан мэдээллээс хамгийн бодитойг нь түүвэрлэн хүргэж байна.
1. Хөргөлтийн шинэ систем
Тоглоом болон бусад эрчим хүчний өндөр хэрэглээтэй аппликэйшнүүдийг ажиллуулахад iPhone халдаг. Тэгвэл Apple компани iPhone 17 загваруудад хөргөлтийн цоо шинэ систем нэвтрүүлж байгаа гэсэн мэдээлэл байна.
“Vapor chamber system” технологид суурилагдсан гэгдэж буй энэ систем 3D тоглоом тоглох, хиймэл оюунд суурилсан аппликэйшнүүдийг ажиллуулахад iPhone-ийг халахаас сэргийлэх зорилготой гэнэ.
2. Хэт нимгэн, хэт хөнгөн хувилбар
Энэ жилийн Pro хувилбарууд илүү сайн камер, илүү сайн батарей багтаахын тулд өмнөхөөсөө зузаарч байгаа бололтой. Гэхдээ Apple энэ удаа iPhone 17 Air хэмээх цоо шинэ хувилбарыг гаргахаар болсон гэдэг мэдээ ирж байна.
Эх сурвалжуудын мэдээлснээр энэ хувилбар нь хамгийн нимгэн хэсэгтээ 5.5 мм зузаан хэмжээтэй буюу урьд өмнө байгаагүй нимгэн, хөнгөн iPhone байх гэнэ.
Гэхдээ уг хувилбар нь iPhone 17 загварын бусад хувилбаруудтай ижил хүчирхэг A19 чиптэй байх ажээ.
Нөгөө талаар энэ нимгэн хийцийн улмаас батарейн багтаамж буурч, арын камер зөвхөн нэг дурантай болж байгаа гэнэ.
3. Онцгой тод дүрслэлтэй сэлфи камер
Сүүлийн хэдэн жилийн турш Apple компани iPhone-ий нүүрэн талын камерыг сайжруулаагүй байсан. Хамгийн сүүлд iPhone 14 загвар дээр л мэдэгдэхүйц сайжруулалт нэвтрүүлж байжээ.
Тэгвэл энэ удаа iPhone 17 загварын нүүрний камерын чадлыг хоёр дахин өсгөж, одоогийн 12MP-ээс 24MP үзүүлэлттэй болгох сурагтай байна.
Ингэснээр сэлфи зургийн чанар эрс сайжрах бололтой. Алдартай шинжээч Мин Чи Куо өмнөх 15 ба 16 загваруудын нүүрний камер таван элементээс бүрддэг дурантай байсан бол шинэ загвар зургаан элементтэй болох магадлалтай гэж дүгнэжээ.
Ингэвэл гэрэл муутай орчинд зураг авах чадвар нь нэлээд сайжрах юм байна.
4. Өндөр хүчин чадалтай шинэ чип
Apple компани сүүлийн жилүүдэд iPhone-ий шинэ загвартаа хувилбараас нь хамаараад өөр өөр чип ашигладаг болоод байгаа.
Энэ стратеги цааш үргэлжилж, iPhone 17 загварын энгийн хувилбарууд A19 чиптэй, Pro болон Pro Max хувилбарууд илүү хүчирхэг A19 Pro чиптэй гарах тухай таамаг яригдаж байна.
Энэхүү чип нь илүү өндөр хурдны GPU процессор, 8GB-ын оронд 12GB багтаамжтай RAM санах ой агуулсан байх гэнэ.
5. Apple компанийн дотооддоо зохион бүтээсэн утасгүй холбоо
Өмнөх iPhone загварт Wi-Fi 7, 5G зэрэг сүүлийн үеийн харилцаа холбооны технологиуд нэвтэрсэн.
Тэгвэл энэ удаа iPhone 17 Air хувилбарт өөрийн дотооддоо хөгжүүлсэн C1 модемыг суурилуулж болзошгүй гэнэ.
Өмнө нь энэ модемыг зөвхөн iPhone 16e хувилбарт суулгаж байжээ.
C1 бол Apple-ийн зохион бүтээсэн анхны 5G модем бөгөөд iPhone-ий бусад загваруудад ашигладаг Qualcomm компанийн модемуудтай харьцуулахад эрчим хүчний хэмнэлт өндөр байдаг.
Нимгэн эх биетэй Air хувилбарын батарейн физик хэмжээ хязгаарлагдаж байгаа тул C1 модемыг ашиглаж байгаа гэнэ.
Өөр нэг алдартай шинжээч Жэфф Пу энэ удаа iPhone 17 загварын бүх хувилбарууд Apple-ийн дотооддоо бүтээсэн Wi-Fi 7 чипийг агуулж магадгүй гэсэн таамаг дэвшүүлжээ.
Энэ нь мөн батарейн ажиллагааг уртасгах зорилготой холбоотой гэнэ.
Эх сурвалж: Mac World
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!