Энэ өдрүүдэд манай улсын Говийн болон Баруун, Зүүн бүсэд гурван том баяр наадам зохион байгуулагдаж байгаа билээ.
Тодруулбал Баруун бүсэд Увс аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ой, Говийн бүсэд Ноён хутагт Дулдуйтын Данзанравжаа мэлмий гийсний 222 жилийн ой, Зүүн бүсэд буюу Дорнод аймагт Ардын хувьсгалын 104 жилийн ой, Зүүн бүсийн хурд-2025 баяр наадам ид дундаа өрнөж, өргөн дэлгэр болж байна.
Өнөөдөр улсын том цолтой бөхчүүд зодоглож буй тус хоёр баяр наадмын хүчит бөхийн барилдааны түрүү, үзүүрт шалгарах тамирчдын нэрс тодорно.
Увс аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойд дархан аварга Н.Батсуурь, улсын аварга П.Бүрэнтөгс, улсын аварга С.Мөнхбат, улсын гарди Ө.Бат-Орших, улсын заан Б.Пүрэвсайхан, Н.Жаргалбаяр, Б.Бат-Өлзий, Б.Серик, Д.Хүдэрбулга тэргүүтэй нийт 256 бөх барилдаж, өчигдөр 1 болон 2 даваа явагдаж дууссан. Тэгвэл яг одоо гурвын давааны ам авалт явагдаж байгаа бөгөөд дээрх бөхчүүд 1, 2 давсан. п
Харин Ноён хутагт Дулдуйтын Данзанравжаа мэлмий гийсний 222 жилийн ой, Говийн бүсийн Даншиг наадамд Үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Содномдорж, Э.Оюунболд, Ц.Бямба-Отгон, Р.Пүрэвдавга, улсын гарди Ш.Жаргалсайхан тэргүүтэй хүчит 128 бөх барилдаж, өчигдөр мөн адил 1 болон 2 даваа явагдаж дууссан. Энэ барилдааны 1, 2-ын даваанд улсын том цолтой бөхчүүд өрсөлдөгчөө өвдөг шороодуулаад байна.
Тэгвэл Зүүн бүсэд болж буй баяр наадамд улсын заан Д.Анар, улсын харцага М.Бэлгүтэй, улсын начин Д.Цогзолдорж тэргүүтэй хүчит 64 бөх зодоглож, өнөөдөр гурвын даваагаар үргэлжилнэ. Энэ наадамд зөвхөн Дорнод аймгийн бөхчүүд барилдаж байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!